Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн замын хөдөлгөөнд хэрхэн зөв зохистой оролцох хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй зорчих эрхийг хангах нь чухал болоод байна

Б.ЭРДЭНЭ  

Сүүлийн жилүүдэд манай улсад цахилгаан дугуй (суррон), скүүтер зэрэг шинэ төрлийн цахилгаан тээврийн хэрэгслүүд эрчимтэй нэвтэрч, тэдгээртэй холбоотой осол, гэмтлийн тоо жилээс жилд  нэмэгдсээр байгаа. . Гэмтэл согог судлалын үндэсний төвийн (ГССҮТ) яаралтай тусламжийн тасгаар өдөрт дунджаар 60-70 хүн цахилгаан тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлээр ханддаг байна.
2021-2024 оны хооронд Монгол Улсад цахилгаан дугуй, скүүтер, мопедтой холбоотой нийт 887 осол, гэмтэл бүртгэгдсэн гэхээр энэ төрлийн осол ихэсч байгаа нь харагдаж байна. 
Осолд өртсөн иргэдийн 67.1 хувь нь (357 хүн) эрэгтэй, 32.9 хувь нь (175 хүн) эмэгтэй байна.
Эрэгтэйчүүдийн дунд 15-19 насныхан, эмэгтэйчүүдийн хувьд 5-9 насныхан хамгийн их өртсөн байна. 2024 онд л гэхэд цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой ослоор гурван хүн амиа алджээ. 
ГССҮТ-ийн мэдээлснээр 24 цагийн дотор нийт 600-700 хүн тусламж авдаг бөгөөд үүний 10-20 хувийг цахилгаан тээврийн хэрэгслээс үүдэлтэй гэмтэл эзэлдэг аж.  Энэ нь өдөрт 60-70 хүн гэмтэж ирдэг гэсэн үг. Мөн бэртэж буй хүмүүсийн дийлэнх нь 14-18 насныхан байдаг гэнэ. Цахилгаан дугуй буюу суррон унах насны доод хязгаар 18 гэж заасан ч бодит байдал дээр энэхүү журам хангалттай хэрэгжихгүй байгааг бид бүгдээрээ сайн мэдэж байгаа.

Тэгвэл цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс өчигдөр  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаарх  олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг тус хуулийн төслийн талаар танилцуулсан . Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Г.Лувсанжамц ажиллав.  Мөн Гэмтэл, согог судлалын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг цахилгаан дугуй /суррон/, скүүтерээс үүдэлтэй осол, гэмтлийн нөхцөл байдлын талаар,   Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат, цахилгаан дугуй /суррон/, скүүтер тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын талаар,  “Жэт Шэйринг Монголиа” компанийн гүйцэтгэх захирлын орлогч Т.Содбилэг “Хотын амьдрал дахь бичил тээврийн хэрэгслийн үүрэг ба замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдвээр  тус тус танилцуулга хийсэн  юм.

УИХ-ын гишүүн П.Батчимэг: 10-19 насны хүүхэд, залуус осол гэмтэлд их өртөж байгаагаас харахад бичил цахилгаан тээврийн хэрэглээ нь тулгамдсан асуудлуудын нэг боллоо
-Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн дийлэнх нь 10-19 насны иргэд буюу бага насны хүүхэд, залуус байгаа нь төрөөс энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна.
Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер тээврийн хэрэгслийн ангилал, тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар тодорхой биш, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй, цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтер жолоодон замын хөдөлгөөнд оролцогчийн үүрэг, хариуцлага зохицуулалтгүй, мөн нийтэд цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээ үзүүлэгчдэд хяналт тавих эрх зүйн орчин байхгүй зэрэг асуудлууд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдсан асуудал болоод  байна.
Иймд төрөөс иргэнийхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах “хууль зүйн баталгааг” бий болгох үндсэн үүргийн хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулаад байна. Сүүлийн жилүүдэд манай улсад иргэд, ялангуяа 18 нас хүрээгүй хүүхэд, залуус шинэ төрлийн бичил тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгдэж байна. 
10-19 насны хүүхэд, залуус энэ төрлийн осол, гэмтэл маш их өртөж, нийт 551 тохиолдол буюу 94 хувь нь Улаанбаатарт, 33 буюу 5.6 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдээд байна. Энэ байдлаас авч үзэхэд бичил цахилгаан тээврийн хэрэглээ нь тулгамдсан асуудлуудын нэг боллоо.
Ажлын хэсгээс ХЗДХЯ, ЗТХЯ, ЭМЯ, ТЦА, ЗХУТ, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газрын эрх бүхий албан тушаалтнуудтай дээрх бичил тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлэгч ААН-үүдийн удирдлагуудтай уулзалтуудыг зохион байгуулж, мэдээлэл солилцож, мэргэжлийн судлаачдын багийг ажиллуулан холбогдох судалгааг хийлгэсэн.
Европын холбооны 30 орчим улсын цахилгаан дугуй, скүүтертэй холбоотой хууль, эрхзүйн орчныг харьцуулан судалж, эдгээрээс Герман, Ирланд, Испани, Эстон, Болгар, Казахстан зэрэг улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрэмд тулгуурлан харьцуулж авч үзлээ. Ингэхэд манай улсын цахилгаан дугуй, скүүтерийн ангилал тодорхой биш, уг тээврийн хэрэгслийг жолоодогчийн үүрэг, хариуцлагын зохицуулалтгүй, тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага байхгүй зэрэг нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тулгамдсан асуудал болсон байна. Иймд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байна. Хуулийн төслийг 2025 оны гуравдугаар сарын 25-нд УИХ-ын Тамгын газрын DParliament.mn цахим хуудсанд байршуулсан. Шинэ төрлийн бичил тээврийн хэрэгсэл болох суррон, скүүтерээр иргэд замын хөдөлгөөнд оролцох болсон цагаас эхлэн зам тээврийн ослын тоо нэмэгдэж байна. Тиймээс энэ тээврийн хэрэгслийг хориглох, торгох гэхээсээ илүү хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлага үүсээд байна. Зорчигчийн эрх үүргийг тодорхой болгож нөгөө талаас тусгайлсан зам, зогсоол зэргийг бий болгох хэрэгтэй байна. Залуусын өдөр тутмын хэрэглээ болоод байгаа. Тийм учраас нийгмийн шаардлагаа дагаад өөрчлөлт хэрэгтэй байна. Нийслэл ямар ч төлөвлөлтгүй. Суррон, скүүтэрээр зорчиход эхлээд замыг шийдэх ёстой. Замын хөдөлгөөний дүрэм, журмаар шийдэх гэж зөндөө үзлээ. Хуульчилж өгөх хэрэгтэй байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч (shared micromobility services)-ийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц  асуудлуудыг хуулийн төсөлд тусгасан 
-Хуулийн төсөлд “Цахилгаан скүүтер”, ”Цахилгаан дугуй”, ”Хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл” гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, эдгээр тээврийн хэрэгслийг жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн зам, цахилгаан скүүтер, цахилгаан дугуй жолоодон замын хөдөлгөөнд оролцогч жолоочийн үүрэг, жолоочид хориглох зүйлс, цахилгаан скүүтерийн хөдөлгүүрийн хүч чадал, хамгийн дээд, доод хурд, тээврийн хэрэгслийн жин, тээврийн хэрэгслийн тоноглол зэргийг агуулсан цахилгаан скүүтерт тавих техникийн ерөнхий шаардлага, ”Нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгч (shared micromobility services)-ийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой цогц  асуудлуудыг хуулийн төсөлд тусгасан.  

Гэмтэл, согог судлалын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг: Цаашид хууль эрх зүйн оновчтой зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна гэв.
-Сүүлийн жилүүдэд цахилгаан дугуй, скүүтер зэргийг тээврийн хэрэгсэл болгон замын хөдөлгөөнд оролцох болсонтой холбоотой зам тээврийн осолд өртөж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах явдал нэмэгдэж байна.2022-2024, 2025 оны эхний 4 сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедноос үүдэлтэй нийт 985 шинэ тохиолдол бүртгэгдсэн. 2025 оны 3 дугаар сараас эхлэн энэ төрлийн осол гэмтэл эрс нэмэгдэх төлөвтэй байна. Насны бүлгээр авч үзвэл нийт тохиолдолын 39 хувь нь 10-19 насны хүүхдүүд эзэлж байна. Нийт тохиолдлын 4.2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн өгүүлэмжтэй байна. Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, гурван  хүн амь насаа алдсан. Нийт тохиолдлын 95.1хувь нь тухайн тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа хамгаалалтын малгай хэрэглээгүй байсан. Ер нь  цаашид хууль эрх зүйн оновчтой зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна.

Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат: 2024 онд скүүтэр, сурронтой холбоотой 223 зам тээврийн осол бүртгэгдсэн
-Манай улсад сүүлийн гурван  жилд импортоор орж ирсэн мотоцикл /суррон/, мопед, унадаг дугуйны тоо баримтыг танилцуулъя. Сүүлийн гурван  жилд импортоор орж ирсэн мотоцикл (суррон), мопед (скутер)-ын мэдээллээс үзэхэд 2022 онд 1050, 2023 онд 8157 байсан бол 2024 онд 16783 болж өссөн байна.Тухайлбал, “Жэт” ХХК-ийн скүтерийг 4500-5000 хүн, "Табо трип эжэнси" ХХК-ийн скүтерийг 12900 хүн, "Эко технологи" скүтерийг өдөрт дунджаар 11150 хүн тус тус ашиглаж байгаа ажээ. Мөн  замын хөдөлгөөний дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлт, зохион байгуулалтын  арга хэмжээ авах ,  хяналт, шалгалтыг  зохион байгуулна.  Мөн замын хөдөлгөөнд  оролцохдоо зам дээр жолоодлогын (унаж сурах) дадлага хийх, сайтар дадлагажаагүй үедээ замын хөдөлгөөнд оролцохыг хориглохоос гадна залуур сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах, овроос уртаашаа буюу өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачаа тээвэрлэх, зорчигчид зориулсан суудалгүй, ачааны зориулалттай тэвшинд хүн тээвэрлэх, долоо  хүртэлх насны хүүхдийг зориулалтын нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэлгүйгээр тээвэрлэх, зориулалтын чиргүүлээс бусад зүйлийг чирэх, тээврийн хэрэгслээр чирүүлэх зэргийг хориглож байгаа.  Улсын хэмжээнд 2022 онд суррон холбогдсон 17, 2023 онд суррон, скүтер төрлийн тээврийн хэрэгсэл холбогдсон 70 (скүтер 28, суррон 42) зам тээврийн осол бүртгэгдсэн бол 2024 онд 223 (скүтер 64, суррон 159) бүртгэгдээд байна.

“Жэт Шэйринг Монголиа” компанийн гүйцэтгэх захирлын орлогч Т.Содбилэг: Хотод дулааны  улиралд скүүтэр нь нийтийн тээврээс  илүү олон зорчигч тээвэрлэдэг
-Улаанбаатар хот скүүтер ашиглахад хамгийн тохиромжтой хот бөгөөд  зуны улиралд автобусаас илүү олон зорчигч тээвэрлэдэг. Энэ нь хотын соёлд эерэг өөрчлөлт авчирч байна. Одоогоор Улаанбаатар хотод скүүтерт зориулсан 2000 гаруй зогсоол бий. Цаашид дугуйн зам шинээр барьж, цахилгаан скүүтер, дугуйны дэд бүтцийг  хөгжүүлэх, хот төлөвлөлтөд орчин үеийн шийдэл, технологийг нэвтрүүлэх боломжийг олгох үүднээс хоцрогдсон стандартуудыг шинэчлэх хэрэгтэй байна. 
Өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн иргэд, бизнес эрхлэгчид, олон нийтийн болон төрийн байгууллагуудын төлөөлөлд талархаж буйгаа илэрхийлье.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай батлан хэрэгжүүлж, цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн замын хөдөлгөөнд хэрхэн зөв зохистой оролцох хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангах, улмаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад олон талын оролцоо чухал байна. 

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.