Ц.Ганцэцэг: Ажилгүйдлийн даатгал хамгийн бага хэмжээгээр орлого нь бүрддэг ч зарлага өндөр

М.ДАВАА
Нийгмийн даатгалын шимтгэл тэр дундаа ажилгүйдлийн тэтгэмжийн тухайд иргэдийн дунд ихээхэн хэл ам гардаг. Өнөөдрийн байдлаар мөн ялгаагүй олон нийтийн сүлжээнд ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй байна гэдэг яриа гарсаар байгаа. Тэгвэл ажилгүйдлийн тэтгэмж, түүний бүрдүүлэлт, зарцуулалт гээд иргэдийн тэр бүр мэдэхгүй асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсээд, хуваарь нь гарсан ч сүүлийн гурван сар мөнгө нь орж ирэхгүй байна гэсэн гомдлууд нэлээд их явах болж. Тэгэхээр яагаад ийм байдалтай болов. Эсвэл ингэж удаан хүлээж байж авах ёстой байдаг юм уу, хуулиндаа юу гэж заасан байдаг талаар иргэдэд мэдээлэл өгнө үү?
-Ажилгүйдлийн тэтгэмж бол нийгмийн даатгалын томоохонд тооцогдох үйлчилгээний нэг. Энэ жилийн хувьд эхний 10 сарын байдлаар нийгмийн даатгалын байгууллага ажилгүйдлийн даатгалын сангаас 28.2 мянган даатгуулагчид 158.7 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн олгосон бөгөөд энэ нь эхний есөн сарын ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн олгосон тоон мэдээлэл юм.
УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийг нийгмийн даатгалын байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хуулийн хүрээнд 2025 онд ажилгүйдлийн даатгалын санд 162.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, үүнээс 161.9 тэрбум төгрөгийг нь ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулахаар төлөвлөсөн.
Ерөнхийдөө ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо харьцангуй өсч байна. Тухайлбал, ес, аравдугаар сарын мэдээнээс харахад 4000 гаруй хүнээр нэмэгдсэн байх жишээтэй. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мөн л 4000 гаруй хүнээр нэмэгдсэн. Эндээс харахад ажилгүй болж байгаа хүний тоо харьцангуй өсч байна.
Нөгөө талаасаа ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ маань тухайн ажилгүй болсон даатгуулагчийн сүүлийн есөн сард авсан цалин хөлсний хэмжээтэй шууд хамааралтай байдаг. Энэ жилийн хувьд гэхэд л төрийн албан хаагчдын цалин нэмэгдэхээс гадна ААН байгууллагууд ч цалингаа нэмсэн. Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болсныг бид мэдэж байгаа. Тэгэхээр энэ бүх орлого нь тэтгэмж бодох дундаж цалинд орж байгаа учраас тэтгэмжийн хэмжээ харьцангуй өндөр болох нэг хүчин зүйлч болж байгаа. 2025 онд нэг иргэн ажилгүйдлийн тэтгэмжид дунджаар 5.7 сая төгрөгийг авч байна.
-Ажилгүйдлийн даатгал гэж юуг хэлдэг, ямар зарчмаар ажилладаг талаар ярихгүй юу?
-Ажилгүйдлийн даатгал гэдэг нь албан журмаар, хөдөлмөрийн гэрээгээр ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн болон ажил олгогч хоёр хоёулаа төлдөг даатгалын сан. Харин ажилгүйдлийн тэтгэмж гэдэг нь даатгуулагч нь ажилгүй болох үед ажилгүйдлийн даатгалын сангаас олгох мөнгөн хөрөнгө юм. Тухайн жил, сардаа төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн орлогоор эргээд ажилгүйдлийн тэтгэмжээ санхүүжүүлдэг. Энэ жилийн хувьд дээр хэлсэн хүчин зүйлүүдээс гадна ААН байгууллагууд маань нийгмийн даатгалын шимтгэлийн ихээхэн хэмжээний өртэй байгаа.
Нийгмийн даатгалын байгууллагад өнөөдрийн байдлаар 61 мянган ажил олгогч, 1.2 сая шимтгэл төлөгч байгаагаас 60 орчим хувь нь сайн дурын даатгуулагч, давхардсан тоогоор 1.1 сая даатгуулагч нь албан журмаар даатгуулдаг. Ажил олгогчдын 35 мянга нь тодорхой хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар ажил олгогч ажилтныхаа цалинг олгоод, тухайн сарын шимтгэлээ сардаа багтаан төлөх үүрэгтэй. Гэвч ажил олгогчид маань шимтгэлээ хуулиар тогтоосон хугацаанд бүрэн төлдөггүй. Тийм ч учраас аравдугаар сарын мэдээнээс харахад нөгөө 35 мянган өртэй ажил олгогчдын шимтгэлийн өр нийлээд 600 гаруй тэрбум төгрөг болсон байна. Шимтгэлээ бүрэн төлөөгүйн улмаас даатгалын сангуудад бүрдэх орлого бүрдэхгүй нь ойлгомжтой.
Ажилгүйдлийн даатгалын хувьд онцлогтой. Тэр нь хамгийн бага хэмжээгээр орлого нь бүрддэг. Тухайлбал, ажил олгогч цалингийн сангаасаа 0.5 хувиар, ажилтан 0.2 хувиар нийлээд 0.7 хувиар шимтгэлийн орлого нь бүрддэг. Гэтэл буцаагаад нэг даатгуулагчдад олгодог ажилгүйдлийн даатгалын хэмжээ нь сүүлийн есөн сарын цалингийн дунджийн 50 хувиас эхэлдэг.
-Таны яриаг сонсож байхад ажилгүйдлийн тэтгэмжийн орлого, асар их ялгаатай байдаг гэж ойлголоо. Ер нь ажилгүйдлийн тэтгэмжийг авахын тулд ямар нэгэн шаардлага хангах ёстой байх?
-Тиймээ, мэдээж аливаа зүйлд шаардлага байдаг. Ажилгүйдлийн тэтгэмж авахад ямар шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн бэ гэдэг нь үл хамаардаг. Даатгуулагч нийтдээ 24 сар шимтгэл төлсөн үүнээс сүүлийн есөн сар нь л тасралтгүй шимтгэл төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь нээлттэй. Тэр ч бүү хэл өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн ч тэтгэмж авах эрхтэй. Тийм болохоор тэтгэмж авагчдын хамрах хүрээ нэмэгдэж байна.
Нийгмийн даатгалын харилцаанд ажил олгогч, ажилтан, Засгийн газар гээд гурван талаас оролцдог. Ажил олгогч нийт орлогын 50 гаруй хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр шимтгэлийн өртэй яваад байхаар ажилгүйдлийн даатгалын сангийн орлого хамгийн бага хувь хэмжээтэй учраас орлогын бүрдүүлэлт харьцангуй бага байна. Гэхдээ нийгмийн даатгалын байгууллагын зүгээс 21 аймаг, 9 дүүрэг дээр төвлөрч байгаа орлогыг ажил олгогчийн шимтгэлээр төлж байгаа бөгөөд буцаагаад төсвийн дагуу ажилгүйдлийн даатгалын санг санхүүжүүлж байгаа.
Нийт улсын хэмжээнд эхний есөн сарын тэтгэмжийг өгсөн гэх ч зарим дүүрэг , аймагт тухайлбал, Багануур, Налайх, Багахангай, Булган аймагт 10 сарын тэтгэмжийг өгсөн.
-Даатгуулагч хуулиараа ер нь хэдэн өдрийн тэтгэмж авдаг юм бэ. Мөн эрх нь үүссэн тохиолдолд хэдэн сарын хугацаанд тэтгэмжээ авч дуусгадаг вэ?
-Даатгуулагч хуульд заасны дагуу ажлын 76 өдрийн тэтгэмж авах ёстой. Энэ нь хуанлийн хоногт шилжүүлэхээр гурав орчим сарын тэтгэмж байгаа юм. Өөрөөр хэлбэл, даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно гэж ойлгож болно. Энэ тэтгэмжийг сардаа нэгээс доошгүй удаа өгнө гэсэн хуулийн зохицуулалттай. Тэгэхээр өргөдөл, хүсэлт гаргасан даатгуулагчийн хувьд гурван хуваарь үүсч байгаа юм. Жишээлэхэд, есөн сард эрх нь үүссэн бол хуваарийн дагуу 9, 10, 11-дүгээр сард тэтгэмжийг нь өгнө.
-Иргэдийн “өнөөдрийг хүртэл тэтгэмжээ авч чадаагүй байгаа” гэх гомдлыг ойрын хугацаанд барагдуулах боломж бий юу?
-Ажилгүйдлийн тэтгэмж олголт нь мэдээж орлогын төвлөрүүлэлттэй шууд хамааралтай байдаг учраас бид аль болохоор орлогоо төвлөрүүлэх, өр барагдуулахаар ажиллаж байна.
Харин эдийн засгийн нөхцөл байдал, зарим ажил олгогч шимтгэл төлөх үүргээ хангалтгүй биелүүлж байгаатай холбоотойгоор ажилгүйдлийн тэтгэмж хүлээгдэж байна. 10 дугаар сард олгох ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүйдлийн даатгалын сангийн орлоготой уялдуулан энэ долоо хоногт үе шаттай шийдвэрлэнэ.Ажил олгогчид маань сардаа багтаан шимтгэлээ төлөх ёстой байдаг учраас 11 сарын орлого үндсэндээ энэ долоо хоногт бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар 3.2 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын ерөнхий газраас аймаг, дүүргүүдийн нийгмийн даатгалын байгууллагад хуваарилаад байна. Тиймээс хүсэлтээ илэрхийлсэн даатгуулагчдын дансанд орох боломж бүрдсэн.
-Өнөөдрийн байдлаар ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ гаргасан ч хуулийн хугацаандаа авч чадаагүй гэх гомдол гаргасан даатгуулагч хэр олон байна вэ?
-Яг өнөөдрийн байдлаар дээр хэлсэнчлэн 28.2 мянган хүний тэтгэмжийг өгсөн. Энэ нь оны эхний есөн сарыг бүрэн өгсөн гэсэн үг. Харин аравдугаар сарын 1-нээс эхлэн өнөөдрийг хүртэл шинээр ажилгүй болж, хүсэлтээ гаргасан 4675 даатгуулагч байгаагаас 3600 гаруй нь арван сард хүсэлтээ өгч шинээр эрх нь үүссэн. Өөрөөр хэлбэл нийт 3600 гаруй даатгуулагч байна гэсэн үг. Харин үлдсэн 1000 гаруй даатгуулагч нь энэ сард хүсэлтээ гаргасан байна. Тэгэхээр энэ хүмүүсийн хүсэлтийг хүлээж аваад, тэтгэмжийн бодолт хийгдэж, хуваарь үүссэн байдалтай байгаа.
-Ажилгүйдлийн даатгалын сан гэж тусдаа. Энэ санд төвлөрсөн хөрөнгийг нийгмийн даатгалын өөр ямар нэгэн зүйлд зарцуулах боломж байхгүй биз дээ?
-Ямар ч боломжгүй, нийгмийн даатгалын сан маань өөрөө эрүүл мэндийн даатгалын, тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний, ажилгүйдлийн гээд таван төрлийн сангаас бүрддэг. Эрүүл мэндийн даатгалын сан тусдаа ч орлогыг нь нийгмийн даатгалын байгууллага төвлөрүүлж өгдөг. Үлдсэн дөрвөн төрлийн даатгалын сан маань өөрөө хуулиар тогтоосон тодорхой хувь, хэмжээтэй. Тухайн хувиараа сангууд бүрдэнэ. Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар бол сан хооронд шилжүүлж зарцуулах, зориулалтын бус зарцуулахыг хориглосон байдаг. Тэгэхээр ажилгүйдлийн даатгалын сангийн орлогыг ямар нэг өөр төрлийн зүйлд зарцуулах ямар ч эрхзүйн зохицуулалт байхгүй, боломжгүй. Сангийн орлого орох бүрийд бид хуваарилалт хийж байгаа.

2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.


