Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийг пянзанд мөнхөллөө

Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийг пянзанд мөнхөллөө.
Энэхүү бүтээл нь монголчуудын сэтгэлд мөнхөд эгшиглэх үндэсний сонгодог бүтээлийн оргил билээ. “Уран хас” бүжгэн жүжгийн удиртгал хэсэгт вальс, буга согооны бүжиг гээд суут хүмүүний туурвилаас сонсож хоногшсон аялгуу олон бий. Энэхүү алдарт бүжгэн жүжгийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн сард тоглосон. Энэ үеэр “Чулуун” сангийн тэргүүн, ардын жүжигчин, удирдаач Ч.Чинбат “Уран Хас” бүжгэн жүжгийн пянзны дээжээс театрын урын санд гардуулж өгчээ. 
Үндэсний шилдэг бүтээл “Уран хас”-ыг бүжгэн жүжиг болгож, тайзнаа тавьснаас хойш 52 жил болжээ. 1973 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр уг бүжгэн жүжгийг анх үзэгчдийн хүртээл болгосон түүхтэй. Үүнийг  Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва дэглэж, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжав удирдан, ардын зураач Ч.Гунгаасүх зураачаар нь ажилласан түүхтэй. Харин цомнолыг нэрт эрдэмтэн, түүхч, төр нийгмийн зүтгэлтэн, академич, хөдөлмөрийн баатар Б.Ширэндэв бичсэн юм.

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.