Ажилгүйдлийн эсрэг олон улсын өдөр

Анх ажилгүйдэлтэй тэмцэх олон улсын өдрийг 1930 оны гуравдугаар сарын 6-нд тэмдэглэсэн гэдэг. Энэ нь Их хямралын үед дэлхий дахины олон том хотод сая сая хүн ажилгүй болж гудамжинд гарснаас үүдэн хүн ажилгүйдлийг эсэргүүцэн дэлхийн өнцөг булан бүрт олон мянган жагсаж эхэлснийг нэгтгэх, зохицуулах кампанит ажил өрнөсөнтэй холбоотой юм байна. Ажилгүйдэлтэй тэмцэх ажлыг Коммунист интернационал зохион байгуулж байтал энэ хөдөлгөөнийхөн цагдаа нартай мөргөлдөх үеэр Берлинд хоёр хүн нас барж, Вена, Бильбао хотуудад хэд хэдэн хүн шархдаж, Лондон, Сидней зэрэг хотуудад цагдаа нар жагсагчидтай хатуу ширүүн харьцсан зэрэг нь жагсаал цулааныг улам эрчимжүүлжээ.
АНУ-ын Нью-Йорк, Детройт хотуудад бүр эмх замбараагүй байдал үүсэж цагдаа нар жагсагчдыг бороохойдон тараахыг оролдож байжээ.
Ер нь АНУ-ын Бостон, Милуоки, Балтимор, Кливленд, Вашингтон, Колумб тойрог, Сан-Франциск, Сиэтл зэрэг 30-аад хотод өргөн олны жагсаал болж байжээ
Коминтерний тэргүүн Дмитрий Мануильский Коммунист интернационалийн гишүүн намууд Ажилгүйдэлтэй тэмцэх олон улсын өдөрт зориулсан тэмцэлд нэгдэхийг уриалж байлаа. Түүний илтгэлд дэлхий дахины эдийн засгийн хямралын төв нь АНУ болж тэнд зургаан сая хүн ажилгүй болсныг тэмдэглэсэн байдаг.
Герман улсад хямрал дөнгөж эхэлж байгаа ч 3,5 сая, Их Британид хоёр сая хүн ажилгүй болоод байна гэжээ. Коммунист интернационалийн дүгнэснээр үндсэндээ капиталист орнуудад 17 сая хүн ажилгүй болоод байна гэжээ. Ингэснээр гэр бүлийн гишүүдтэйгээ нийлээд 60 орчим сая хүн маш хүнд нөхцөлд амь зууж байна.Энэ бүхэн бол гал асахын эхлэл оч харваж байгаа нь энэ гэжээ.
1930 онд АНУ-д дөрвөн сая хүн ажилгүй байсан бол энэ тоо 1931 онд хоёр дахин өсөж, 1932 он гэхэд 12,5 сая болж АНУ-ын нийт хүн амын 10 хувьд хүрчээ. Улмаар 1933 он гэхэд ажилгүйчүүдийн тоо АНУ-ын хүн амын 25 хувьд хүрч байжээ.
АЖИЛГҮЙДЭЛ ӨНӨӨДӨР
Өнгөрөгч 2025 оны байдлаар дэлхий даяар ажилгүйдлийн түвшин, түүхэн дэх хамгийн доод түвшинд буюу таван хувьд байна гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллага дүгнээд энэ 2026 онд энэ үзүүлэлт бүр 4,9 хувь болно гэжээ.
Манай хойд хөрш Орост ажилгүйдлийн түвшин 2,2 хувь байгаа гэсэн бол Японд 2,5, Өмнөд Солонгост 3,0 хувь байгаа гэжээ.
Харин Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад ажилгүйдэл 33,2 хувьтай байгааг Олон улсын хөдөлмөрийн байгууллага тэмдэглэсэн байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага энэ оны ажилгүйдлийн түвшин ямар байх талаар гаргасны ажилгүйдэл хамгийн өндөртэй байх 10 орны жагсаалт энэ.
Босни Герцеговина 32.62 хувь
Ангол 31.80 хувь
ӨАБНУ 29.10 хувь
Косово 25.90 хувь
Свазиленд 22.90 хувь
Лесото 23.50 хувь
Иордан 19.00 хувь
Ливи 17.30 хувь
Македон 16.60 хувь
Грек 16.40 хувь
МОНГОЛ УЛСАД АЖИЛГҮЙДЭЛ
Монгол Улсын 15 ба түүнээсдээш насны нийт хүн амын 61.9 хувь буюу 1.5 сая хүннь хөдөлмөрийн чадвартай буюу ажиллах боловсон хүчинд тооцогдож байна хэмээн Үндэсний статистикийн хороо мэдээлдэг.
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2025 оны хоёрдугаар улирлын байдлаар 59.1 хувь болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.5 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм. Харин ажилгүйдлийн түвшин 1.3 нэгж хувиар буурч, 4.5 хувь боллоо гэдэг.
Монгол Улсад 78,9 мянган хүн ажилгүй байна гэсэн нэг тоо 2025 оны нэгдүгээр улирлын тайланд бас бий....
Гэхдээ ажилгүйдлийн түвшин 6,1, өөр 5,4 хувь гэсэн өөр өөр тоонууд байдаг нь Статистикийн хороо, өөр бусад байгууллагууд өөр өөр дүн хэлдэг байж болох. Нөгөө талаар ганцхан жилийн дотор энэ тоо ингэж өөр өөр гараад байдаг нь Статисткийн хорооныхон Засгийн газар, эрх баригчдыг сайн ажиллаж байгааг харуулахын тулд ажилгүйчүүдийн тоо буурч байгаа мэтээр худал мэдээлдэг ч байж болох.
Ажилгүй иргэдийн хөдөлмөр эрхлэхгүй байгаа шалтгааныг задалж харвал, нийт 65 мянган ажилгүй хүн байгаагийн хамгийн их буюу 39 хувь нь ажил хайгаад олдохгүй байгаа гэжээ. Энэ бол 2025 оны хоёрдугаар улирлын мэдээ. Тэгэхээр Засгийн газар ойгүй сайн ажиллаад гуравхан сарын дотор өнөө 78,9 мянган хүний 14 мянган хүнийг ажилтай болгочихсон байх нь....
2025 оны байдлаар Монгол Улсын ажилгүйдлийн түвшин буурч, улсын хэмжээнд 5.4-5.5 орчим хувьтай байна. Хөдөлмөрийн насны 2.3 сая гаруй иргэнээс 109 орчим мянган хүн ажилгүй байгаа бөгөөд ажилгүйдэл өмнөх онтой харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ бол жилийн эцсийн байдлаар өнөөх Статистикийн хорооны гаргасан мэдээ. Манай төр засгийн мэдээллийн байгууллагын гаргадаг дүн нэг иймэрхүү.
2025 оны нэгдүгээр улиралд 78,9 мянган хүн гэснээ хоёрдугаар улиралд 65 мянган хүн ажилгүй гэж. Тэгснээ оны эцэс болохоор Монгол Улсын ажилгүйдлийн түвшин буурч, улсын хэмжээнд 5.4-5.5 орчим хувьтай гэснээ 109 мянган хүн ажилгүй байна гэжээ.
65 мянган хүн гэснээ 109 мянга болоход “буурсан” гэдэг дүн тайланг Монгол Улс, манай Статистикийн байгууллага л гаргана л даа...
Одоо үүнээс хойш бүтэн нэг жил өнгөрч байгаа юм чинь ажилгүй хүн байхгүй болж байгаа байх гэж бодмоор...
АЖИЛГҮЙДЭЛТЭЙ ТЭМЦЭХ ИДЭВХТЭЙ БОДЛОГО
Ажилгүйдлийг бууруулахын тулд улс орнууд янз бүрийн бодлого хэрэгжүүлдэг ч бүгд шилдэг үр дүнтэй гэж боломгүй.
1. Ажлын байрыг шууд бий болгох. Байгаль хамгаалах ч юм уу, зам, төмөр зам бариулах, амьдран байгаа орчноо цэвэрлэх орон тоо бий болгох зэргээр. Үүнийг АНУ-д Их хямралын үед үр дүнгээ өгсөн гээд эдийн засгийн Кейнсианы загвар гэдэг. Их хямралын 1933-1939 онд АНУ ийм байдлаар дөрвөн сая ажлын байр бий болгож байж
2. Том, жижиг аж ахуйн нэгжүүдийг дэмжих замаар ажлын шинэ байрууд бий болгох. Энэ нь мэдээж банкны системийн асар их дэмжлэг оролцоотой хэрэгждэг. Зах зээлийн эдийн засагтай улс орнуудад аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн үйл ажиллагаанд засгийн газрын оролцоо нь голчлон шууд бус буюу татварын зохицуулалт, зээлийн болон санхүүгийн механизмаар дамждаг. Санхүүгийн аргуудаас гадна захиргааны зохицуулалтын аргууд байдаг нь эрхзүйн орчныг нь бүрдүүлэх, хүүгийн татаас олгох, татварыг бууруулах аргуудыг хамгийн түгээмэл хэрэглэдэг.Манай эрх баригчид яг үүнийг яриад байдаг ч үнэн хэрэг дээрээ аж ахуйн нэгжүүдийг боомилж, тэдэнд очих ёстой хөрөнгө мөнгө зээлийг өөрсдөө хулгайлдгийн жишээ нь ЖДҮ сангийн зээлийн хулгай.
3. Аж ахуйн нэгжүүдийн ажлын цагийг багасгахыг урамшуулах замаар хөдөлмөрийн эрэлтийг дахин хуваарилах арга хэмжээ авах арга байна. Хөдөлмөрийн нөөцийн хомсдолыг шинэ ажлын байр бий болгосноор нөхдөг. Гэхдээ Аж ахуйн нэгжүүдийг ингэж ажиллахад төрөөс татаас олгох замаар хэрэгжүүлэх боломжтой. Энэ нь ажлын цагийг төдийгүй цалин хөлсийг хуваарилах санал дэвшүүлж байгаа хэрэг. Эдийн засгийн таагүй нөхцөлд ч гэсэн эдгээр арга хэмжээ нь ажилгүйдлийг бууруулахад тусалдаг. Ажлын цагийг багасгах нь тэр бүрий үр дүнтэй болдоггүй. Францад 1981 онд ажлын долоо хоногийг 39 цаг болгосноор 430,000 ажлын байр бий болно гэж тооцоолсон ч дөнгөж 40,000 ажлын байр бий болж байжээ.
4. Залуу боловсон хүчнийг заавал ахмадуудтай харьцуулахгүйгээр дэмжих, хөдөлмөрийн зах зээлийг мэдээллээр сайтар хангах. Ажилгүй хүн хаана ямар ажлын байр гарч байгааг мэдэж байх нь маш чухал. Ажил олгогч нар ч ямар ямар мэргэжлийн хүмүүс ажил хайж байгааг харж мэдэж байх нь чухал. Ийм мэдээлэл сайтар түгээхийн тулд хөдөлмөрийн зах зээлийн талаар судалгаа хийж байх. Мэргэжлийн сургалтыг сайжруулах замаар мэргэжилтэй ажиллагсдыг олноор бэлтгэх
5. Тэтгэвэрт гарах насыг бууруулах нь олон ажлын байрыг чөлөөлж ажилгүйчүүд ажилд орох боломж бүрдүүлдэг. Гэхдээ энэ нь нийгмийн даатгалын сангийн ачааллыг нэмэгдүүлдэг.
6. Ажилгүйчүүдийг хуулиар далайлгах арга. Энэ аргыг төлөвлөгөөт эдийн засагтай улс орнууд ихэвчлэн хэрэглэдэг. ЗХУ, тэргүүтэй социалист орнуудад хэрэглэж байсан. Энд ажилд орох хугацаа өгдөг, ЗХУ гэхэд л дөрвөн сараас дээш хугацаагаар ажил хөдөлмөр эрхлээгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэдэг байж. Манай Монголд ч гэсэн 1990 оныг хүртэл ажилгүй хүнийг 14 хоногийн дотор ажилд ор хэмээн шаарддаг, өөрөө хичээхгүй бол хороо хорин төр захиргааны байгууллага албадан ажилд оруулдаг байсан билээ.

2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.


