Б.Тамир: Монголын хөлбөмбөгийн холбоог асуудалтай гэдгийг улс даяар мэднэ

М.ДАВАА
Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны Ерөнхийлөгчийн болон Зөвлөлийн гишүүний сул орон тооны нөхөн сонгуулийг дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болохтой холбоотой нэр дэвшигчдийн хүсэлт, материалыг авч эхэлсэн. Тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гаргасан. Тэгвэл өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлд нэр дэвшигчээр хүлээн авахаас татгалзсан “Ховд Вестрен” багийн эзэн Б.Тамир мэдээлэл өгсөн юм.
-Би Монголын хөлбөмбөгт 15 жил зүтгэж байна. Манай клуб монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг хүүхдийн бүх уралдаан тэмцээнүүдэд 17 жилийн турш оролцож байна. Манай хүүхдийн академид одоогоор бүртгэлтэй 400 гаруй тамирчинтайгаас гадна 150-200 гаруй идэвхтэн хүүхдүүд бий. Олон жил ажилласны эцэст нэрээ дэвшүүлж материалаа өгсөн ч татгалзсан хариу аваад байна. Үндэслэл нь, дүрмийн дагуу 3.1.7 гэх заалт бий. Энэ нь бичиг баримт дутуу эсвэл хуурамчаар үйлдсэн байх гэдэг заалт. Өнөөдөр ямар баримтыг яагаад хассан бэ гэх тайлбар авах ёстой, гэхдээ энэ тайлбарыг өгөхгүй байх гэж бодож байна. Энэ бол анх удаа тохиолдож байгаа юм биш, иймэрхүү асуудал 20 гаруй жилийн турш л гарч байсан, одоо ч гарч л байна. 2023 оны сонгуулиар зөгийнүүдийн эмэгтэй төлөөлөгчийг өрсөлдөх үед яг ийм заалтаар хассан. Шүүхдэлцэх гэсэн сонгуулийн жил байсан. Монголын хөлбөмбөгийн холбоог асуудалтайг Монгол даяар мэднэ. Сонгууль дөрвөн жил тутамд нэг удаа болдог, өөрийн гэсэн дүрэмтэй. Сонгуульд оролцож буй хүмүүсийг Сонгуулийн хороо гэх таван хүний бүрэлдэхүүнтэй баг дүрэмтэй материалыг нь шалгадаг мөртлөө хөлбөмбөгийн талбайд нэг ч харагдаж байгаагүй хүмүүс. Нэг үгээр хэлбэл, хөлбөмбөгийн талаар ямар ч ойлголтгүй хүмүүс гэж бодож байна. Гэхдээ л энэ хүмүүс л хөлбөмбөгийн холбоонд хэн байхыг шийддэг хүмүүс юм. Энэ хүмүүс хэзээ, яаж солигдсоныг мэдэх юм алга. Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудыг сонгох нь 20 гаруй жил жүжиг явсаар ирсэн. Одоо Ц.Анандбазар гэх хүнийг оруулж ирнэ гэх. Энэ хүн Монголын хөлбөмбөгт нэг ч хувь нэмэр оруулаагүй. Сүүлийн 15 жил би долоо хоногийн дөрвөн удаа Монголын хөлбөмбөгийн холбоон дээр өөрөө баг тамирчдаа, дасгалжууоагч, шүүгчдийнхээ ажлыг шалгаад явж байхад нэг ч харагдаагүй.
Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны ерөнхийлогч болон Удирдах Зөвлөлийн нөхөн сонгууль энэ сарын 28-нд болно. Уг сонгуульд нэр дэвшигчдийн хусэлтийг өнгөрсөн сарын 29-нд хүлээн авч, дүрмийн дагуу тав хоногийн дотор сонгуулийн хороо хариугаа өгсөн.
Ингэхдээ ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Г.Дашнямыг сонгууль болохоос өмнө сурталчилгаагаа эхлүүлсэн, Удирдах зөвлөлд нэр дэвшсэн миний бие болон Ч.Мөнхөө нарыг бичиг баримтын зөрчилтэй гэж үзэж хассан.
Манай "Ховд Вестерн" клубийн эмэгтэй баг лигийн аварга болсон. Тун удахгүй эмэгтэй шигшээ баг гадаад руу тэмцээнд явна. Энэ үед холбооны тэргүүнээр Ц.Анандбазар сонгогдвол маш их асуудалтай. Ц. Анандбазар холбоонд орж ирснээр Монголын хөлбөмбөгөөс ивээн тэтгэгч нар бүгд зайлсхийнэ. Энэ хүнийг оруулж иртлээ манай хөлбөмбөгийн холбоо шалдаа уначихаагүй байна. Клубүүдийн эзэд, багш гэж сайн, мундаг хүмүүс байгаа шүү дээ. Мөн орон нутгийн төлөөлөлүүд бий, эднийг хооронд нь хагаралдуурах аргаар улстөрөө хийгээд сурсан хүмүүс дээр байгаад байна.
Намайг нөхөн сонгуульд өрсөлдөхийг дэмжсэн Лионс клубийн н.Чин-Оргилын албан бичгийн тамга нь хуучин байгууллагын регистрийн дугаарын оронд утасны дугаар байсан. Харин нэр дэвшигч Г.Дашнямыг дэмжсэн бичгэн дээр шал өөр тамга дарагдсан байсан. Эндээс харахад миний материалыг албаар ингэж хуурамч бүрдүүлж, миний эсрэг зохион байгуулалттай байсан байна. Тус клубээс бусад нэр дэвшигчдийг ч дэмжсэн. Манай багийнхан энэ тамга тэмдэгний тал дээр сайн мэдэхгүй байсан тул алдаа гаргасан.
Дүрмээр бол нэр дэвшигчийг дөрвөн клуб дэмжих естой. Бид таван клубийн бичиг өгсөн. Энэ хүний бичгийг тооцохгүй байлаа гэхэд өөр дөрвөн клубийн бичиг надад бий. Надад одоо энэ сонгууль огт хамаагуй болсон, Удирдах зөвлөлд нэр дэвшсэн ч, дэвшээгүй ч миний ажил цаашаа явдгаараа явна. Харин миний энэ баримт дээр тулгуурлаад, ийм бусармаг зүйлийн эсрэг Монголын хөлбөмбөгчид дуугараач, нэгдээд тэмцээч ээ гэж уриалмаар байна. Хэрвээ бид гарын үсэг зуруулаад эсэргүүцэхэд Азийн болон дэлхийн хөлбөмбөгийн холбооноос манай холбоог бандаж магадгүй. Хэрэв тэгсэн тохиолдолд гадны холбоодын санхүүжилт зогсох эрсдэл үүснэ. Ингэснээр хөлбөмбөгийн тамирчид, хүүхдүүд л хохирно. Хөлбөмбөгийн холбоо мэдээллийн технологийн ямар ч бодлого байхгүй, өөрсдийнхөө идэж уудгийг байнга далдалж, хаацайлдаг. Нөгөө талаараа энэ холбоонд маш сайн ажилладаг шүүгч, техникийн ажилчид, үйлчилгээний ажилчид гээд зөндөө хүмүүс бий. Манай холбоог бусад спортын холбоодтой байнга харьцуулдаг, асар их мөнгө орж ирдэг нь ч үнэн. Гэхдээ эндээс олдох боломжийг багуудаас нууж, өөрсдийн ашиг сонирхолд оруулж ирсэн. Тэгээд ч дэлхийн хөлбөмбөгийн холбоонд төсөл бичээд өгөхөд амархан шийдэгддэг. Бусад спортын холбоод ч бидэнд туслаач гэж хүсч байна.
Монголын сагс гэхэд хуучин спортын төв ордонд тоглолт нь болдог байхдаа л дүүрэн үзэгчтэй, билет нь эрэлт ихтэй байдаг байсан. Одоо ч мөн л адил тийм байгаа. Гэтэл хөлбөмбөг түүнээс ч илүү хөгжилтэй байсан, өөрөөр хэлбэл түвшний хувьд илүү байсан гэсэн үг. Харин одоо сагсны хөгжил ямар байгаа билээ, ингэснээр хөлбөмбөгчид дуугарч эхэлж байна. Хөгжиж болдог юм байна гэдгийг сагсны хөгжил бидэнд харуулж чадлаа. Гэсэн ч бид холбооныхоо дүрмийг шинэчилж, удирдлагуудаа солих цаг нь болсон. Солихдоо сайн ажиллаж байгаа хүмүүс нь дахин өрсөлдөж болно, тэгэхээс талбайд үзэгдэж, харагддаггүй хүмүүс бидний хувь заяаг шийдэх ёстой юм бэ. Монголын хөлбөмбөг улс төрчдөөс салах цаг нь болсон.

2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.