Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд гэмтжээ

“Суррон” унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна. Өнгөрсөн 2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсчээ.
Үүнээс зургаан хүүхдэд хөнгөн, таван хүүхдэд хүндэвтэр, нэг хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол ес нь эрэгтэй, зургаа нь эмэгтэй байна.
Суррон унаж осолд орсон байдлыг үзвэл 11 хүүхэд автомашины зам дээр, хоёр хүүхэд явган хүний гарцаар гарах үедээ, хоёр хүүхэд явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлж, зам тээврийн осолд өртжээ.
Стандарт хэмжил зүйн газраас Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, стандартыг баталж, сурроныг 18 насанд хүрсэн, жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн сурронтой замын хөдөлгөөнд оролцохоор журамласан.
Иймд эцэг, эхчүүд Та бүхэн 18 насанд хүрээгүй хүүхдийг сурронтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, үүсэж болзошгүй эрсдэлийн талаар сайтар ойлгуулж, анхааруулахыг мэргэжоийн байгууллагаас нь зөвлөж байгаа. Тодруулбал 18 насанд хүрсэн хүн суррон унаж замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлыг бүрэн хангаж, дараах стандартыг анхаарах нь чухал юм.
Тээврийн цагдаагийн газраас улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, улсын дугаар авсан байх, хоёр талдаа тольтой байх, тоормосны бүрэн бүтэн байдлыг хангасан байх, Замын зорчих хэсгийн баруун зах болон нийтийн тээврийн эгнээгээр явахгүй байх, шөнийн цагаар буюу 22:00 цагаас дараагийн өдрийн 6:00 цаг хүртэл хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байх, анхааруулах дуут дохио өгөхөд тохиромжтой хонх эсхүл дуут дохиогоор тоноглогдсон байх, хамгаалах малгайг зааврын дагуу өмсөж, зөвхөн замын зорчих хэсгийн баруун гар талаар явах зэрэг стандарт зэргийг хангаж, замын хөдөлгөөнд оролцох ёстой гэдгийг суррон унаж буй хэрэглэгчид дагаж мөрдөхийг анхаарууллаа.

2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.