2025 ОНД МОНГОЛ УЛСЫН ДНБ 6.6 ХУВИАР ӨСЧ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ҮРГЭЛЖИЛНЭ ГЭЖ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ТООЦООЛЖЭЭ

М.ДАВАА

Азийн хөгжлийн банкнаас /АХБ/  жил бүр эрхлэн гаргадаг "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайлангийн 2025  оны шинэ дугаар болон Монгол Улсын эдийн засаг 2025, 2026 онд хэрхэх талаарх тайланг  өчигдөр танилцуулсан. АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин ажилладаг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм. Нарийн түвэгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа АХБ нь ард иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтцийг бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашигладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.  
2024 онд Монгол Улсын хувьд уул уурхай болон үйлчилгээний салбарын өсөлт хөдөө аж ахуйн салбарын уналтыг нөхсөнөөр Монголын эдийн засаг тогтвортой өсөлтөө хадгалж чадсан. 2025, 2026 онд энэхүү өсөлт үргэлжлэх ба үүнд уул уурхай, дотоодын эрэлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн салбарын сэргэлт голлох нөлөө үзүүлэхээр байна.
МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ (2025 оны 4-р сарын 9) — Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 онд өмнөх онтой харьцуулахад бага зэрэг саарсан ч ашигт малтмалын олборлолт болон үйлчилгээний салбарын нөлөөгөөр эрчимтэй өссөн. Уул уурхайн салбарын өсөлт, тэр дундаа зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж буй Оюу толгойн уурхай 2025, 2026 оны эдийн засгийн өсөлтөд гол түлхэц үзүүлнэ. Харин 2023, 2024 онд малын хоргодлын томоохон хохирол амссан хөдөө аж ахуйн салбар энэ онд сэргэх төлөвтэй байна. 
Азийн Хөгжлийн Банк (АХБ) 2025 оны  дөрөвдүгээр  сарын Азийн хөгжлийн төлөв тайландаа 2024 онд 4.9 хувийн  өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.6 хувиар  өснө гэж төсөөлсөн байна. Харин 2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 5.9 хувь байх төлөвтэй байна гэв. 
“Уул уурхай болон үйлчилгээний салбарын эрчимтэй өсөлт хөдөө аж ахуйн салбарын огцом агшилтыг нөхсөнөөр Монгол Улсын эдийн засаг 2024 онд тэсвэртэй байдлаа хадгалж чадлаа. 2025 болон 2026 онд уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байх бөгөөд дотоодын эрэлт өсч, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар аажмаар сэргэж буй нь өсөлтөнд түлхэц үзүүлнэ. Гэсэн хэдий ч Монгол Улс түүхий эдийн экспорт, тэр дундаа нүүрсний экспортоос хамааралтай байгаа тул эрсдэл байсаар байна” . АХБ-ны суурин төлөөлөгч Орон хариуцсан ахлах эдийн засагч Эдуард Фэйбер онцоллоо. Өсөлтийн энэхүү төсөөллийг  дөрөвдүгээр  сарын 2-нд АНУ-ын засгийн газраас шинэ тариф тогтоож буйгаа зарлахаас өмнө тооцсон тул суурь төсөөлөлд зөвхөн хуучин мөрдөгдөж байсан тарифуудыг тусгасан. Гэсэн хэдий ч Азийн хөгжлийн төлөв тайланд тариф нэмэгдсэнээр Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлт хэрхэн өөрчлөгдөж болох талаарх дүн шинжилгээг мөн багтаажээ.
Эдийн засаг идэвхжиж, төсвийн зардал тэлж, эрчим хүчний үнэ тариф өссөнөөс үүдэн инфляц 2025 онд 9.1 хувьд  хүрч нэмэгдэх төлөвтэй байгаа бол 2026 онд 7.0 хувь  болж бага зэрэг буурах төлөвтэй байна.
Уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдсэнээр экспорт өсөх төлөвтэй байна. Харин хөрөнгө оруулалтын төслүүдэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, бараа материал зэрэг импортын өсөлт буурахгүй хэвээр байх хүлээлттэй байна. Барааны худалдааны тэнцэл ашигтай хэвээр байх боловч үйлчилгээний худалдааны алдагдал, орлогын гадагшлах урсгалын улмаас урсгал данс алдагдалтай хэвээр байх төлөвтэй байна.
Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдлүүд нь түүхий эдийн үнэ унах, нүүрсний эрэлт буурах, хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөлж болзошгүй байгаль цаг уурын эрсдэл, инфляц тооцоолсноос илүү нэмэгдсэнээр мөнгөний хатуу бодлого баримталж эхлэх зэрэг болно. Харин уул уурхайн салбарын үйлдвэрлэл, тэр дундаа зэсийн олборлолт төсөөлж байснаас хурдан нэмэгдэх нь эдийн засгийг төсөөллийг өсгөх магадлалтай.

З.МӨНХ-ОРГИЛ: Хэдийгээр өсөлтийг эергээр харж байгаа ч хэд хэдэн эрсдэл бий
/Азийн хөгжлийн банкны эдийн засагч/

Монгол Улсын эдийн засгийн төлөв эерэг байна. 2023 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт ДНБ ийн 7.4 хувь байсан бол 2024 онд  4.9 хувь болж буурсан.  Энэ нь  хоёр жил дарааллан зуд болж, хөдөө аж ахуйн салбар  агшсантай холбоотой. 
ДНБ-ийн өсөлт 2024 онд эерэг, ирэх жилүүдэд өсөлт үргэлжилнэ гэж харж байна. Ирэх хоёр жилд буюу 2025 онд  6.6 хувь 2026 онд 5.9 хувьтай байхаар төсөөлсөн. Үүнд уул уурхай, үйлчилгээний салбар, Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл чухал нөлөөтэй. Энэ жил инфляци өндөр байх төлөвтэй буюу жилийн дундаж инфляци 9.1 хувь байна. Харин 2026 онд 7 хувь байна гэж харж байна. Хэдийгээр өсөлтийг эергээр харж байгаа ч хэд хэдэн эрсдэл байна. Үүнд түүхий эдийн үнийн бууралт, инфляцийн дарамт, худалдааны зөрчлөөс үүсэх эдийн засгийн дам нөлөө байна.
2024 оны эдийн засгийн гүйцэтгэлийн тайлангаар салбаруудын хувьд уул уурхайн салбар өндөр өсөлтттэй, ДНБ-ий өсөлтөд 1.4 нэгж хувийг бүрдүүлсэн. Үйлчилгээний салбар 9.8 хувиар өсч, ДНБ-ийн 4.8  нэгж хувийг бүрдүүлсэн. Үүнд уул уурхайн экспорт агуулахын үйлчилгээ өмнөх онтой харьцуулахад 23 хувиар өссөн. ХАА-н салбар зудтай холбоотой 28 хувиар агшсан. Хоёр жил дараалсан агшилтын улмаас ХАА-н салбар эдийн засгийн өсөлтийг гурван нэгж хувиар бууруулсан. 
Цалин тэтгэвэр,  тэтгэмж өссөнтэй холбоотой өрхийн хэрэглээ өсч, ЗГ-ын хэрэглээ ч мөн өссөн байна.  Төсвийн зардал 2024 онд 35 хувиар өссөн.  Өнгөрсөн онд импортын өсөлт экспортын өсөлтийг давсан. Тодруулбал импорт 17.7 хувиар өссөн байхад экспорт 0.7 хувиар өсчээ.
ЗГ-ын өрийн тухайд сүүлийн хоёр жил ДНБ-д эзлэх Монгол Улсын  ЗГ-ын өрийн хэмжээ буурсан.  2024 оны эцсийн байдлаар ДНБ-ий  42 хувьтай тэнцэж байгаа нь Азийн бусад улстай харьцуулахад ЗГ-ын өрийн хэмжээ доогуур түвшинд байна. 
Гадаад валютын ханш 2024  онд харьцангуй тогтвортой байлаа. Цаашид валютын ханш, нөөцийн хэмжээ уул уурхайн экспорт болон томоохон төслүүдийн хөрөнгө оруулалттай  холбоотой байна. Дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилттэй холбоотой импорт нэмэгдэх хүлээлттэй байна. Импорт нэмэгдэхийн хэрээр ханшид дарамт үүсэх магадлалтай. 
Банкны салбарт 2024 онд 35.5 хувиар зээл өссөн. Нэгдүгээрт хэрэглээний зээл өссөн. Бизнесийн зээл мөн тодорхой хэмжээнд өссөн. Үүнтэй холбоотой багцад эзлэх чанаргүй зээлийн харьцаа 2023 онд 7.5 хувь байсан чанаргүй зээлийн хувь 2024 онд 5.1 хувь болж буурсан сайн үзүүлэлттэй байна. Төвбанкнаас бодлогын хүүг өсгөсөн нь энэ оны хэрэглээний зээлийн өсөлтийг сааруулах төлөвтэй байна.

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БУУРНА ГЭЖ АХБ ТААМАГЛАЛАА
ФИЛИППИН УЛС, МАНИЛА ХОТ (2025 оны 4-р сарын 9) — Хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны 5.0 хувиас  буурч, энэ онд 4.9 хувиар өсөх төлөвтэй байна гэж Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны шинэ тайланд дурджээ.
Дотоодын эрэлт тогтвортой байгаагийн зэрэгцээ хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлөөс үүдэн дэлхийн зах зээл дээр хагас дамжуулагчийн эрэлт өндөр байгаа нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж буй хэдий ч тариф болон худалдааны тодорхойгүй байдал өсөлтийг сааруулах нөлөө үзүүлэхээр байна. Өнөөдөр нийтлэгдсэн “Азийн хөгжлийн төлөв (АХТ), 2025 оны дөрөвдүгээр  сар” тайланд дурдсанаар бүс нутгийн өсөлт 2026 онд 4.7  хувь хүртэл буурах төлөвтэй байна. Харин хүнс болон эрчим хүчний үнэ дэлхий дахинд буурснаар бүс нутгийн инфляц энэ онд 2.3 хувь  ирэх онд 2.2 хувь  хүртэл буурна гэж төсөөлжээ.
Бүс нутгийн орнуудын эдийн засгийн дархлаа сайн байгаа хэдий ч АНУ-ын худалдаа, эдийн засгийн бодлогод хүлээгдэж байснаас илүү богино хугацаанд томоохон өөрчлөлтүүд орсон нь өсөлтийн төлөвт эрсдэл учруулж байна. АНУ-ын тарифын өсөлттэй зэрэгцэн бодлогын тодорхойгүй байдал нэмэгдэж, бусад улс орнууд тарифаа нэмэх хариу арга хэмжээ авснаар худалдаа, хөрөнгө оруулалт болон өсөлт удааширч болзошгүй юм. 
Бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилбэл өсөлтийг мөн сааруулж болзошгүй юм. Өнгөрсөн онд 5 хувийн өсөлттэй байсан БНХАУ-ын эдийн засаг энэ онд 4.7 хувь , 2026 онд 4.3 хувиар өснө гэж АХБ тооцсон байна.
Өмнөд Ази болон Зүүн өмнөд Азийн орнуудын дотоодын эрэлтэд суурилсан эрчимтэй өсөлт, мөн бүс нутгийн бусад орнуудын аялал жуулчлалын салбарын сэргэлт нь БНХАУ-ын өсөлтийн удаашралыг тодорхой хэмжээнд нөхнө. Өмнөд Азийн хамгийн том эдийн засаг болох Энэтхэг улсын эдийн засаг энэ онд 6.7 хувь , ирэх онд 6.8 хувиар өсөх төлөвтэй байна. Зүүн өмнөд Азийн орнуудын эдийн засаг 2025, 2026 онд тус бүр 4.7  хувиар өсөхөөр байна.
Гадаад эрэлт сул байгаа нь Кавказ болон Төв Азийн эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж, улмаар өнгөрсөн онд 5.7 хувьтай  байсан өсөлт энэ онд 5.4 хувь  ирэх онд 5.0 хувь  болж буурах төлөвтэй байна. Харин Номхон далайн орнуудын хувьд аялал жуулчлалын салбар өсөлтийг үргэлжлүүлэн дэмжих хэдий ч энэ онд 3.9 хувь , ирэх онд 3.6 хувь  өсөх төлөвтэй байгаа нь өмнөх жилийн 4.2 хувьтай  харьцуулахад буурсан үзүүлэлт болохоор байна.

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.