Б.Түвшин: Бизнес эрхлэгчдээс НӨАТ, ХХОАТ-т 40 хувийг авдаг

УИХ-д өргөн барихад бэлэн болоод буй нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлтийн талаарх хуулийн хэлэлцүүлгийг МҮХАҮТ, ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй хамтран аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан хоёр дахь удаагаа зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Б.Түвшин, Хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулан, багагүй хугацаанд ажлын алба болон хэсэг гишүүдийн хамт судалсны үр дүнд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдгийг болиулах болон ажил олгогчийн НДШ төлөх дарамт буурснаар ажилтныхаа цалинг бодитоор өгөх боломж бүрдэх мөн хоол унааны зардалд олгосон хөнгөлөлт урамшууллаас төлүүлдгийг болиулахаар тусгасан талаараа танилцуулсан юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од нар оролцон бизнес эрхлэгчдийн асуултад хариулан санал солилцлоо. Бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн ажлын хэсэгт хүргүүлэх аж.
Энэ үеэр сэтгүүлчид хуулийн санаачлагч УИХ-ын гишүүн Б.Түвшингээс зарим зүйлийг тодрууллаа. 
Тэрбээр “Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахдаа үе шаттайгаар хийх шаардлага бий. Хамгийн гол нь цаашид жигд өсөх боломжтой үгүйг харах хэрэгтэй. Одоогийн байдлаар тэжээгчээ устгах буюу ААН энэ дарамтаас болоод өсч өндийх боломжгүй болоод байна. Одоо байгаа хуулиар ялангуяа хувь хүмүүс орлогоосоо  10 хувь төлөөд, гэрээ байгуулан хүмүүс дахиад 12.5 хувь авах зохицуулалттай байгаа. Ингээд тооцоод үзвэл НӨАТ, ХХОАТ гэхчилэнгээр 40 хувийн татвар авчихаар бизнес эрхлэх сонирхолгүй болчиж байгаа юм. Хувь хүнээрээ гэрээ байгуулах, үйлчилгээ үзүүлэх бизнес оршин тогтнох боломжгүй байгаа юм. Энэ нь хөдөлмөр эрхлэлтийг бууруулж байна. Тэгэхээр Иргэний хуулийн харилцаа буюу хөлсөөр ажил гүйцэтгэсэн мөнгөнөөс нь татвар авахаа болъё гэж байгаа юм. Ингэж байж ААН иргэдтэй хөлсөөр ажиллах гэрээ, бусдаар гүйцэтгүүлэх гэрээ хийж эхэлнэ. 
Орлоготой болсны дараа зөв зүйлээс зөв хэмжээтэй татвар аваад эхлэхээр дарамт биш энэ нь үүрэг болж эхэлнэ.Хэрэв одоогийх шиг өндөр байсаар байвал дунд хугацаандаа төлөгчгүй болно. Тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. 
Бизнес эрхлэгчдийн гол дарамт өндөр цалин олгох тусам өндөр НД төлдөг. Энэ нь цалингаа өсгөх сонирхлыг бууруулдаг. 15 сая төгрөгийн цалин өглөө гээд үүний 12.5 хувиар татвар ААН төлж байдаг. Иймээс дээд хэмжээтэй болгоё гэж байгаа юм" гэлээ.
Хувь хүн, хуулийн этгээдийн ажил, бизнес, үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ачааллыг бууруулах, ашиг орлого, өрсөлдөх чадвар, ажлын байр нэмэгдүүлэх, цаашлаад далд эдийн засгийг ил болгож, чөлөөт зах зээлийн харилцааг тэлэх, үүний үр дүнд татвар, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг үр дүн, бодит хэрэгцээ, шаардлагыг тус тус харгалзан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Тодруулбал, өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах, ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах, мөн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны төлж буйн нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоохоор, түүнчлэн ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй харилцаанд хүнийг хөдөлмөрийн гэрээгээр бус, түүнээс өөр гэрээ байгуулан ажиллуулж, цалин хөлс олгосон тохиолдолд тухайн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэх зохицуулалтыг хуулийн одоогийн холбогдох зохицуулалтын нэмэлтээр тусгахаар төсөлд тусгасан байна.

Х.Ганхуяг: Цаашид компанийн дансыг татварын байцаагч дур мэдэн хаахгүй

Мөн энэ өдөр төрийн ордонд Татвартай холбоотой тогтолцооны шинэчлэлт хийхгүйгээс Монголд дундаж давхарга байхгүй байгааг иргэд, эдийн засагчид шүүмжилдэг. Тиймээс багц Татварын шинэчлэлтийг цогц байдлаар хийх хэрэгцээ, шаардлага үүсч буй. УИХ-ын даргын захирамжаар Татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тус хуульд орж буй зарим өөрчлөлтийн талаар өчигдөр /2025.04.09/ мэдээлэл өглөө.
Тэрбээр,  “ХХОАТ-ыг 10 хүртэл сая төгрөг бол 0 хувь болгож, үүнээс дээш таван сая төгрөг тутамд хоёр хувиар шатлан өсгөнө. Одоо 10 хувийн ХХОАТ төлдөг. Жижиг, дунд ААН-үүд 1.5 тэрбум хүртэл төгрөгийн орлоготой бол нэг хувийн татвар төлдөг босгыг 2.5 тэрбум төгрөг болгон дээшлүүлнэ.
Татварын өртэй байна гэдэг нь тухайн ААН-ийн санхүү эрүүл биш байгааг илтгэнэ. Ийм ААН-ийн дансыг хаах нь асуудлыг бүр муутгадаг. Цаашид компанийн дансыг татварын байцаагч дур мэдэн хаахгүй. Мөн данс руу орсон орлогыг 20/80 гэж хуваарилдаг болно. Данс руу орсон бүх мөнгийг татварын өрөнд шууд суутгахгүй гэсэн үг юм. 20 хувийг үл маргах журмаар суутган, үлдсэн 80 хувийг тухайн ААН ажлаа хэвийн явуулахад зарцуулна.      
Татварын багц хуулийг баталснаар нийт дөрвөн их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлнэ. Ингэснээр иргэдийн орлого өсөж, эдийн засаг тэлнэ. 
Татварын бүх хуулийг багцаар нь шинэчлэх ёстой. ХХОАТ-ыг гэх мэтээр тусад нь, салгаж хууль батлах нь тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг тул хамтад нь батлах ёстой. 
Энэ хуулийн зорилго нь дундаж давхаргаа дэмжих, тэлэх юм. Бүх хүн татваргүй болоосой гэж хүсдэг. Тэгвэл бид төрийн албан хаагчдын цалингаа яаж тавих уу, замаа яаж засах билээ. Жишээ нь НӨАТ-ыг 10-аас таван хувь болголоо гэхэд улсын төсөв дөрвөн их наяд төгрөгөөр буурна.
ХХОАТ-ыг нэг хувь болговол 2.6 их наяд төгрөгөөр төсвийн орлого тасарна. Татвар буурууллаа гээд тогтолцоо маань хэвээрээ л байна. Эдийн засгийг ч дэмжихгүй. 2019 онд татварын багц хуулийг батлахдаа ЖДҮ-д илүү анхаарч, хувь хүмүүс хаягдсан.
Өрхийн орлогыг хамгаалаагүй. Одоо ХХОАТ 10 болон 20 хувь байна. Тэгсэн атлаа ЖДҮ эрхлэгч бол нэг хувийн татвартай. Одоо ХХОАТ-аа бууруулъя гэвэл ААН-ийн татварыг нэмэх шаардлагатай. Ингэж цогцоор нь шийдэх нь зөв.
НӨАТ-ыг бүх иргэн төлдөг болж, энэ татварын хамрагдалтыг өргөжүүлнэ. НӨАТ бүртгэлийн үүрэгтэй учраас аль болох олон бараа, үйлчилгээнээс НӨАТ авах нь зөв. НӨАТ-ын тухай хуульд хоёр том өөрчлөлт оруулна.
ААН-үүд мөнгө нь орсны дараа НӨАТ төлмөөр байна гэж их хэлдэг. Би олон жил бизнес хийсэн тул үүнийг ойлгож байна. Гаалиар бараа нь орж ирлээ гэхэд зөвхөн гаалийн татвараа төлөөд НӨАТ-аа хоёр сарын турш төлнө. Ийм хугацааг ААН-үүдэд олгоно. Ингэснээр тэд банк, ББСБ-аас зээл авах эрэлт буурна, санхүүгийн дарамт нь буурна. Найман их наяд төгрөгтэй тэнцэх зээлийн эх үүсвэрээс чөлөөлнө. Энэ нь бага мөнгө биш. Энэ зохицуулалт цаашлаад зээлийн хүүг бууруулахад эергээр нөлөөлнө.
ААН-үүд татварын өрөнд ордгийг ч бууруулна. ААН-үүд элэгдлийн зардлаасаа НӨАТ хасуулдаг, хөрөнгө оруулсан бол хасуулах боломжгүй байв. Жишээ нь, нэг ААН барилга худалдаж авлаа гэе. Худалдан авсан үнийн дүнгээсээ НӨАТ суутгуулдаг болно. Хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөх боломжтой болно.
Монгол Улс нэг сарын өмнө Хил хязгааргүй татварын хэлэлцээрт нэгдэн орсон. Ингэснээр манайхаас гадаад руу татвар төлөхөөс зугтаан зайлсхийсэн тохиолдлуудыг ч шалгах боломж бүрдсэн. Жишээ нь, Төгрөгийн ордыг худалдсан асуудлыг татварын байгууллага оффшор дахь данс, тайлан зэргийг татаж аваад шалгаж болно. Ийм боломжтой болсон.
Төрийн өмчит ААН буюу төрөөс гарч буй бүх мөнгө И-баримтаар дамжин гарах ёстой. Төрийн хөрөнгө оруулалт НӨАТ-тэй, урсгал зардал НӨАТ-гүй гардаг байсан. Бүгд НӨАТ-тэй болохоор хамгийн том ажил олгогч, хамгийн том худалдан авагч өөрөө НӨАТ-тэй болохоор бусад нь ч мөн НӨАТ-тэй болно.
Эхний 1.5 сая төгрөгийн худалдан авалтдаа 100 хувийн НӨАТ-ын буцаан авалт авна. Дараагийн 900 мянган төгрөгийн худалдан авалтынхаа 50 хувийг буцаан авна. Үүнээс дээш дүнтэй худалдан авалт хийвэл одоогийнхоор буюу хоёр хувийн НӨАТ-ын буцаан авалтаа авна.
Хөнгөлөлтийг шууд өрхөд өгснөөр худалдаачид НӨАТ-гүй үнээр бараа худалдах нь буурна. НӨАТ амрах хүрээг өргөжүүлж чадвал хувь хүмүүс, албан байгууллагуудын орлогыг тодорхойлох боломжтой.      
Цаашдаа Бүх ААН 10 хувийн татвартай болно. Одоо ямар байна гэхээр зургаан тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой бол 10 хувь, үүнээс дээш бол 25 хувийн татварыг компаниуд төлж байна.
Татварын багц хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн бариагүй байна. Гэвч УИХ-ын гишүүд хэд хэдэн хуулийн төслийг тусад нь өргөн барьсан тул өнөөдөр та бүхэнд энэ мэдээллийг өгч байна.
Иргэн цалингаасаа ХХОАТ, НДШ нийлээд 30 хувь төлөхөд ЖДҮ нэг хувийн татвар төлөх нь шударга уу? Нэг хэсэг рүү нь л анхаарахаар татварын тогтолцоог ингэж гажуудуулдаг. Иймд бид ААН болон хувь хүнийг аль алийг нь авч үзсэн.   Бусад улсын татварын тогтолцоог мөн судалсан” хэмээв. 

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.