ЕБС-ИЙН 3000 СУРАГЧ “МОНГОЛ ХҮН” ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧ БОЛЖ, МОНГОЛ АХУЙ, НҮҮДЭЛЧИН СОЁЛ, УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙТАЙГАА ТАНИЛЦАХ АЯЛАЛД ГАРЛАА

Зөв Монгол хүнийг төлөвшүүлэх, хүүхдийн эх оронч үзлийг бэхжүүлэх, Монголын уламжлалт малчин ахуй, соёлоо таних, сэтгэлзүй, танин мэдэхүй, нийгмийн харилцааны онцлогоо ойлгох, хүүхдийн өрөвч нинжин сэтгэл, энэрэн хайрлах хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Монгол хүн” хөтөлбөрийн нээлт өнгөрсөн амралтын өдөр Төв талбайд боллоо.
“Монгол хүн” хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын 8-14 насны буюу 3-8 дугаар ангийн 3000 сурагч хамрагдаж, нүүдэлчин, малчин ахуйгаа таньж мэдэх аялалд гарлаа.
Хөтөлбөрийг НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр нээлээ. Тэрбээр “Тусч, энэрэнгүй, боловсрол хүмүүжилтэй Монгол иргэд бидний ирээдүй. Хүүхдүүд та бүхэн бидний уламжлалт ахуйгаа таньж мэдээд, малчны хөдөлмөртэй танилцаад, таван хошуу малынхаа ашиг шимийг хэрхэн боловсруулдаг мэдлэгийг олж авах нь хамгаас үнэтэй мэдлэг шүү” гэдгийг онцоллоо.
Хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт, Монголын сурагчдын холбоо, Монгол адууны диваажин НҮТББ хамтран зохион байгууллаа.
Б.Наранбадрах: Өрөвч зөөлөн, нинжин сэтгэлтэй, мал амьтныг хайрлах сэтгэхүйтэй болгох, хүүхдийг малчин ахуйд ойртуулах үүднээс энэ хөтөлбөрөө хэрэгжүүлж байна

Энэ үеэр Монгол адууны диваажин бодлого хөтөлбөр буюу эдүгээ Монгол малчны бодлого хөтөлбөр болон хэрэгжиж байгаа хөтөлбөрийн санаачлагч Б.Наранбадрахаас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн нь талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Та “Монгол хүн” бодлого хөтөлбөрийнхөө талаар товч танилцуулна уу?
-Миний бие сүүлийн дөрвөн жилд монголд малчны бодлого, адууны бодлого байх ёстой гэж үзээд энэ чиглэлээр ажиллаж ирсэн байна. 2022 оноос энэ чиглэлээрээ Ерөнхийлөгчийн ивээл дор ажиллаж байна. Малчны бодлого маань дотроо малчдын орлогыг дэмжсэн тус тусдаа арван хөтөлбөртэй. Энэ хөбтөлбөрийн нэг нь монгол малчин хүүхэд буюу хот суурин аймгийн хүүхдүүд сард нэг удаа малчин айлд очиж өдрийг өнгөрүүлэх. Өрөвч зөөлөн нинжин сэтгэлийг хүүхдэд төлөвшүүлэх боловсролын хөтөлбөр дэлхий нийтэд байдаг. Тухайлбал, Швед, Норвеги, Дани зэрэг улсуудад бүр 2000 оноос эхлэн хэрэгжсэн программ юм. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт маш үр дүнтэй байна гэдгийг хэрэгжүүлж буй тухайн улсууд 2008 оны Оксфордын их сургуулийн нэг том судалгаагаар дэлхийд баталсан байдаг. Үүнээс үндэслэн Европын холбооны улсууд хүүхдийн дан ганц тэр сургуульд оруулахын тулд бэлтгэх нь буруу юм байна. Харин хүүхдийг зөв, сайн хүн болгоход бэлтгэх ёстой юм байна гэж үзээд боловсролын хөтөлбөрөө энэ чиглэл рүү хандуулсан. Скандинавийн хойгийн улсуудад байгаа малчин өрхийн ахуй амьдрал манай малчдынхтай төстэй, адилхан байдаг. Тэр хүүхдүүд малчныд очихын тулд байгальд очиж цэвэр байгаль, монгол ахуйтай танилцдаг. Ингэснээр мал ахуйгаа мэдэрнэ, хайрлана, үхэр саана, ишиг хурга, тугал хариулна, тэжээнэ гээд малчны ахуйд хийгддэг бүх л зүйлсийг хийдэг.
-Манай улсад энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа юм байна. Бидний хүүхэд үед ч зун, намартаа малчны ахиутай танилцах нь их байж?
-Бидний үед хүүхдүүд зун намартаа малчин айлд очдог байсан. Тэр үеэр л энэ ажил дуусгавар болсон гэж бодож байна. Тэр нь биднийг өрөвч зөөлөн, нинжин сэтгэлтэй, мал амьтныг хайрлах сэтгэхүйтэй болгодог байж. Тийм болохоор энэ ахуй, уламжлалыг сэргээх, хүүхдийг малчин ахуйд ойртуулах үүднээс энэ хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Нөгөө талдаа малчид маань мах, ноолуураас өөр орлогогүй болчихож. Тэгэхээр энэ хоёрын холбох ёстой болж байгаа биз. Манай нийслэл хот маань 20 гаруй км-ын радиуст л эргэлдэж байна. Хотын аль нэг зүгрүү 40-50 км-ын зайд гарахад л тэнд цэвэр малчин ахуй байж байна, боломж байна, бидэнд. 2024 оны байдлаар 1373 насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг хийсэн байна. Энэ нь өмнөх оноосоо 3.4 дахин нэмэгдсэн аж. Мөн насанд хүрээгүй хүүхдүүдийн амиа хорлолт, үе тэнгийн дээрэлхэлт ихсэж байна гэх. Эндээс харахад хүүхдүүдийн маань сэтгэл зүй их гэмтэлтэй байна. Бид хүүхдүүдийнхээ зөв хүн байх боловсролд анхаарахаа больсныг дээрх гэмт хэргийн тоо харуулж байна. Энэ тоон дээр үндэслээд нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийнхөн маань хүүхдүүдэд өрөвч нинжин, хайрлах, энэрэх сэтгэлийг бий болгох хөтөлбөрийг маань дэмжиж, гурван мянган хүүхдийг 20 малчин айлд, сардаа нэг удаа очих зардлыг нь гаргаж өгч байгаа юм. Тухайлбал, Малчин айлд нь татаасыг нь өгч, автобусных нь зардлыг гаргаж байгаа. Эцэг эхчүүдээс нэг ч төгрөг гаргахгүй. Харин хүүхдүүд өөрсдөө хоолоо л авч явдаг. Ингээд бүхэл нэг өдрийн турш малчин ахуйтай танилцан, туслалцаад орой 17 цаг гэхэд буцаж ирэх байдлаар 2025 оныг дуустал үргэлжилнэ.

-Өвлийн цагт хүүхдүүд малчин айлд очих уу?
-Очно, хөтөлбөр маань хэрэгжээд эхэлсэн, өнөөдөр зөвхөн нээлтээ л хийж байна. 6.7.8 дугаар саруудад хүүхдийн амралт эхлэх учраас эцэг эхчүүд нь хүүхдүүдээ авч явна. Бусад үед сургагч багш нар хариуцан авч явдаг. Бид малчин өрхүүдээ e-mongolia-д оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Та хүүхдүүдтэйгээ салхинд гармаар санагдсан үедээ хаачихаа мэдэхгүй байвал e-mongolia-д нэвтрээд хөтөлбөр нь таалагдсан малчин айлынхаар зочилж болох нь байна. Цаашдаа малчин өрхүүдийг жуулчин ч хүлээн авдаг болгохоор зорьж байна.
-Хүүхэд хүлээж авч байгаа малчин өрхүүдээ яаж сонгосон бэ, шалгуур нь юу вэ?
-Бид 50 өрхөөс санал аваад түүнээсээ 20-г нь шалгаруулж авсан. Хамгийн эхний шаардлага болох суултууртай байх ёстой. Гар угаадаг байх ёстой. Хүүхдийн хажууд хараал, хэрүүл хэлэхгүй байх , архи , тамхи хэрэглэхгүй байх ёстой. Сайн үлгэр дуурайлал үзүүлж чадахуйц байх ёстой, үйлчилгээний соёл гэхчлэн олон шаардлага, шалгуур бий. Нэг малчин өрхөд хөтөлбөрийн турш таван автобус хүүхэд буюу ойролцоогоор 150 хүүхэд очно гэж тооцоолсон.

-Хөтөлбөр эхлээд явж байгаа гэсэн. Тэгвэл та нарт анзаарагдсан зүйл байгаа байх?
-Тиймээ, бидэнд анзаарагдаж буй зүйлүүд байгаа. Малчин өрхөд очсон хүүхдүүд тэнд зөвхөн ишиг, хургатай тоглох бус хөтөлбөрийн дагуу долоон өртөөгөөр дамждаг. Тухайлбал, өрөвч нинжин сэтгэлийн өртөө гэж бий. Энэ өртөөнд ишиг хурганы хашаанд ороод эхлээд хөөцөлдөх бус доошоо суудаг. Хүүхдийн анхаарал алхаж, гүйхээс илүү доошоо суусан үед сайн төвлөрдөг юм байна. Тэгээд ишиг хургаа өөрсөд дээр нь ирэхийг хүлээдэг. Үүгээрээ тэр хүүхэд маань бусдын сонголтыг хүндэтгэж сурах дадалд суралцдаг. Дараагийнх нь тэврэх, илэх. Энэ нь хүүхдийн сэтгэлзүйд хамгийн чухал эмчилгээ болно. Олон улсад тэврэх, илэхийг хүн, амьтан аль нь ч байсан ялгаагүй тэр үед арьсны гүний мэдрэлийн цэгүүд сэргэж, тархинд окситоцин гэдэг гармон ялгарч, энэ нь стрессийг бууруулж, хайрлах, дасах мэдрэмжийг нэмэгдүүлдэг гэж үздэг юм байна. Тэгэхээр шинжлэх ухааны үндэслэлтэй эмчилгээний арга гэж хэлж болно.
-Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн сэтгэл ханамж хэр байна. Ямар нэгэн үр дүн гарч байна уу?
-Эцэг эхчүүд, томчууд бид өөрсдөө мэдэхгүйгээр хүүхдүүдэд үнэхээр харгис ханддаг юм байна. Ний нуугүй л хэлье. Жишээлбэл, өнгөрсөн явалтаар малчин маань нэг гэр бариад тэнд нь нэг ишиг, багш, хүүхдүүд нэг нэгээрээ ордог шидэт өртөөг бий болгосон, тэнд хүүхдүүд зочилсон. Хүүхдүүд тэр өртөөнд нэг нэгээрээ ороод, ишгэндээ хүслээ хэлдэг. Тэр үед зарим хүүхдүүд дотроо бугласан зүйлээ илэн далангүй ярьж байна. Тэнд байсан багш маань байсхийгээд л уйлж гарч ирээд байдаг. Учрыг лавлатал “хүүхдүүд янз бүрийн санал хэлэх юм. Зарим нь манай ээж аавыг битгий салгаач, буцаагаад суулгаад өгөөч. Ээж аав хоёр маань хэрэлдэхээ болиосой гэх зэргээр хэцүү санал хэлэх хүүхэд ч их байна” гэж хэлж байсан. Өнгөрсөн долоо хоногт явсан хүүхдүүдээс дахиж явмаар байна гэсэн санал их ирж байна.
-Танай байгууллагын тухайд та юу хэлэх вэ?
-“Монгол адууны диваажин” нь адууны бодлого хөтөлбөрийг эхлүүлж, түүнд гурван мянган малчин нийлж хөдөлгөөнөө өргөжүүлсэн. Бид Монгол Улсад малчны бодлого байх ёстой гэж үзсэн. Тэгээд ч малчдын тухайд ноолуур, махны бодлого барьчихаад түүнийгээ малчны бодлого гэж үзэх нь учир дутагдалтай юм байна. Жишээлбэл, малгүй болсон малчин айлд бэлчээр нь байгаа. Гэтэл бэлчээр гээд баялаг байсаар атал түүнийгээ хаяад хот руу нүүчихдэг. Олон улсын карбон зах зээл /дэлхийн дулаарлыг бууруулахад малчин хүн яаж оролцох ёстой вэ гэсэн/ дээр бэлчээрээ сэргээвэл олон улсаас мөнгө авах боломж байдаг. Өнгөрсөн зун 300 малтай айл, 50 га бэлчээр дээрээ карбон шингээх туршилтыг бидэнтэй хамтран хийж, туршсан. Тэр өрх одоогоор улирал бүр олон улсын байгууллагаас 2.7сая төгрөг авч байна. Өөрөөр хэлбэл зүгээр л өвөлжөөгөө амраасныхаа төлөө шүү дээ. Энэ мэтчлэн бидэнд хийх зүйл их бий, хийж хэрэгжүүлж байгаа ажлууд ч бий.




2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.


