Манай улсад жилд 100-120 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж байна
М.Даваа

Хүүхдийн хорт хавдар нь хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог байна. Манай оронд 0-19 насны хүүхдийн дунд жилд 120 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүүхдийн хорт хавдрын асуудалд анхаарал хандуулж, хүүхдийн халвдын эрт илрүүлэг, эмчилгээ, оношилгооны чадавхийг сайжруулж, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэх нь эмч нарын зорилго болж байгаа.
Эцэг, эхчүүдийн санааг зовоосон, хамгийн түрүүнд асуудаг зүйл нь хавдар өвчний шалтгаан байдаг. Тэгвэл одоогоор хүүхдийн хавдрын шалтгааныг 100 хувь олж тогтоогоогүй буюу 95 хувь нь шалтгаан нь тодорхойгүй байна. Харин таван хувь нь удамшлын шалтгаантай байж болох юм гэсэн эрдэмтдийн судалгаа гарчээ.
Хүүхдийн хорт хавдрын хамгийн их тохиолдлыг цусны хорт хавдар эзэлж байна. Насанд хүрэгчдэд тохиолддог хавдар, хүүхдийн хавдар харилцан адилгүй байдаг юм байна. Хүүхэд жирийн явж байтал толгой нь эргэх, тэнцвэргүй болоод байвал энэ нь хавдрын шинж тэмдэг байж болох юм гэдгийг эмч нар анхааруулдаг. Иймд хүн бүр хүүхдийн хорт хавдрын анхаарах шинж тэмдгүүдийн талаарх ойлголт, мэдээллээ нэмэгдүүлэх нь чухал юм байна.
Анхаарах, сэрэмжлэх шинжүүд:
- Цонхийж цайх, ясны ерөнхий өвдөлт
- Халдварын шинж тэмдэггүйгээр халуурах
- Шалтгаангүй турах
- Уагаан толбо, нэг нүд солир харах
- Хэвлий томрох
- Толгой өвдөх, удаан хугацаагаар бөөлжих /өглөөгүүр/
- Ясны өвдөлт /гэмтэл, халдварын шинжгүйгээр хавдах/
- Ядрах сульдах
- Толгой эргэх, тэнцвэр алдах, солир харах гэх зэрэг байдал ажиглагдвал цаг алдалгүй эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй гэдгийг эцэг эхчүүд мэдэж байх хэрэгтэй аж.
Тэгвэл хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг дэмжих, төлөвшүүлэх зорилготой өдөр болгон 2002 оноос дэлхий дахинд тэмдэглэж эхэлсэн.
Тус өдрийг манай улсад 2017 оноос хойш ес дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн онцлог нь дэлхийн хэмжээнд хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэх зорилготой дэлхийн санаачилгад нэгдсэн улсуудын нэг болсон явдал байв.
Эрүүл мэндийн яам нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан, Сэйнт Жуд Хүүхдийн хавдрын эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах ДэлхийнПлатформ”-р дамжуулан хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай 35 нэрийн эм хүлээн авахаас эхний ээлжийн гурван нэрийн эмийг хүлээн авлаа. Энэхүү хамтын санаачилгын дэмжлэгээр чанарын баталгаатай хүүхдийн хорт хавдрын эм таван жилийн хугацаанд тасралтгүй нийлүүлэгдэх юм.
Уг хамтын ажиллагаа нь хавдрын эмийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, ажиллах хүчний дутагдлыг арилгах, хорт хавдартай хүүхдүүдэд үзүүлэх тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг олон арга замаар дэмжлэг болох юм. Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан нь ДЭМБ болон Сэйнт Жүд эмнэлэгтэй хамтран хүүхдийн хорт хавдрын эмийн худалдан авалт, нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байна.
Манай улсад жилд ойролцоогоор 0-19 насны 100-120 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж байна.
Энэхүү үйл ажиллагаанд хүүхдийн хорт хавдрын талаарх эмчилгээ, эмийн хүртээмж, ард иргэдэд хүүхдийн хорт хавдрын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эрт сэрэмжлүүлгийг эцэг эхчүүдэд олгох зорилгоор ЭМЯ, ДЭМБ, НҮБ, Сайнт Жүд эмнэлэг, Глобал платформ, ЭХЭМҮТ-ийн удирдлага, Хавдрын үндэсний зөвлөл, Аригун ХХК, Баянгол дүүргийн насан туршийн суралцахуйн төв, Эрэлхэг баатрууд ТББ, Гэгээн-Анир ТББ, Soul Heal төв, эмч, мэргэжилтнүүд, хавдрыг даван туулсан хүүхдүүд,эмчлүүлж байгаа хүүхдүүд, асран хамгаалагч нар оролцсон юм.
Доктор Сокорро Эскаланте: Бидний гол зорилго хорт хавдраар өвдсөн хүүхдүүдийн амьдрах чадварыг дээшлүүлэх явдал
/Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч/
-ДЭМБ болон түнш байгууллагууд нь хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах тэр дундаа хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд тэгш хүргэхийг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж байна. Бидний гол зорилго хорт хавдраар өвдсөн хүүхдүүдийн амьдрах чадварыг дээшлүүлэх төдийгүй хорт хавдартай хүүхдүүдэд эрүүл, аз жаргалтай амьдрах, ирээдүйгээ гэрэлтэйгээр харах тэр боломжийг олгох явдал юм.
Л.Төмөрбаатар: Хүүхдийн хорт хавдрын эмийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлснээр эерэг үр дүн гарна
/Эрүүл мэндийн сайдын зөвлөх, Доктор/
Хүүхдийн хорт хавдрыг эмчлэхэд чанартай эмээр тасралтгүй эмчлэх, өвдсөн хүүхдийг тогтмол хянах, үе тэнгийнхэнтэй хамт нийгмийн харилцаанд оруулах зэрэг цогц арга хэмжээг эрүүл мэндийн ажилтан болон хорт хавдраар өвдсөн хүүхэд, түүний гэр бүлийнхэнтэй нь хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Хүүхдийн хорт хавдрын эмийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлснээр тусламж, үйлчилгээний чанар дээшилж, хорт хавдраар өвдсөн хүүхэд эдгэрэх, амьдралын чанар дээшлэх зэрэг эерэг үр дүн гарна гэж харж байна.
Эваристе Коуасси-Комлан: Урт хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд чанартай эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг тасралтгүй үзүүлэх нь хамгийн чухал
/НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч/
НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамт олон холбогдох Насан туршийн суралцахуйн төвийн зочин багшийн ажиллах боломжийг бүрдүүлсэн иж бүрэн тохижилттой анги танхим, хими эмчилгээний эм бэлтгэх тасаг нэгжийн бүрэн засвар тохижилтыг өмнө нь хийж гүйцэтгэсэн бол өнөөдөр хамтрагч талуудын хамтаар тухайн эм бэлдмэлийг Монгол Улсад нийлүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна. Урт хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд чанартай эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг тасралтгүй үзүүлэх нь хамгийн чухал.

2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.