Азийн хөгжлийн банк Эрчим хүчний реформ болон асрахуйн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэв

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулинтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Улсын Их Хурлын гишүүний хувиар Эрчим хүчний реформын Үндэсний хороо болон ахмадын асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа талаараа танилцуулсан. Мөн тэрбээр эрчим хүчний реформын хүрээнд нар, салхины дулааны болон цахилгаан станц байгуулах хөрөнгө оруулалтын чиглэлээр, ахмад настны асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх анхдагч хуулийн төсөл боловсруулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах саналтай байгаагаа уламжиллаа.
Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулин, чухал ач холбогдол бүхий дээрх асуудлуудыг хөндсөнд талархалтай байгаагаа илэрхийлээд, саналын хүрээнд хамтарч ажиллах бүрэн боломжтойгоос гадна эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд тодорхой хугацаанд амжилттай ажилласан туршлага бий хэмээлээ. Ахмадын асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх анхдагч хуулийн төслийг боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх, тусгай мэргэжилтнүүдийг холбох боломжтой бөгөөд төр, хувийн хэвшлийн оролцоог хангах нь чухал хэмээн тодотгосон. Талууд энэ талаар дахин нарийвчлан ярилцаж, санал солилцох нь зүйтэй гэж тогтжээ.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Элчин сайд Шэнь Минжуаньтай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан өчигдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуаньтай уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа нь бусад салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал болохыг тэмдэглэв. Тэрбээр, ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй болж өргөжсөнөөс гадна нийгмийн олон бүлгийн төлөөлөлтэй гэдгээрээ онцлог болохыг дурдлаа. 
Энэ удаагийн парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн Улсын Их Хурлын хоёр гишүүн сонгогдсон болохыг Ж.Баясгалан гишүүн хэлээд, Асрах үйлчилгээний нөхцөл байдалтай танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах, зохицуу­лалтын хэрэгцээ, шаардлагын талаар нягтлах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагаа танилцууллаа. 
Энэ хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээрх нийгмийн үйлчилгээ, тогтолцоо, эрх зүйн орчны талаар болон анагаах ухаан, технологийн салбар дахь дэвшлийн талаар судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа танилцууллаа. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн.
Элчин сайд Шэнь Минжуань хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжигийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны хоёрдугаар сард тус улсад албан ёсны айлчлал хийснийг, энэ сарын 25-нд болсон Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын VI уулзалтыг дурдав. Хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх ач холбогдолтойг онцоллоо.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2019 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг Улаанбаатар хотноо байгуулсан талаар Элчин сайд Шэнь Минжуань дурдсан. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эр­хийг хангах, хамгаалахтай холбоотой сайн туршлага, шинжлэх ухааны ололт, ам­жил­таа нээлттэй хуваал­цахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын хүмүүнлэгийн сал­барын хамтын ажиллагааг өргө­жүү­лэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаа­лах чиглэлээр олон улсын түвшинд хамтран ажил­лах боломжийн талаар санал солилцлоо.

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.