Б.ДЭЛГЭРСАЙХАН: Багахангай-Хөшигийн хөндийд баригдах салбар төмөрзам нийслэлд түгжрэл бууруулах, аюулгүй байдлыг бүрдүүлэх чухал ач холбогдолтой

М.ДАВАА
Монгол Улсын Их хурлын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн тавдугаар сард төмөр замын хил холболтын нээлт дээр тендерийн үнэ 900 тэрбумаас буураад 870 тэрбум болсон гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр эргээд 900 тэрбум болж өссөн гэж мэдээлж байна. Энэ талаар тайлбар өгөөч?
-2025 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Зам, тээврийн яамны харъяа “Таван толгой” төмөр зам компани болон БНХАУ-ын Төмөр замын, зам гүүрийн инженеринг групптэй ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа. Энэ гэрээг нэлээд удаан хугацаанд олон хүний хүч хөдөлмөр, нойр хоолгүй ажиллаж байж баталлаа. Анхнаасаа худалдан авах газраас 848 тэрбум төгрөгийн үнэ зарласан, энэ үнээр сая шалгарсан компани орж ирсэн. Гэсэн хэдий ч нөгөө компани нь 960 гаруй тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Хэдийгээр тендерийн үнээрээ гэрээгээ байгуулж байгаа ч гэсэн Хятадын талаас “Төгрөгийн ханшийн уналтаас болоод бид хохирол амсаж байна. Жишээлбэл, яг тендер зарлаж эхэлж байх үеэр юань 460 төгрөг байсан бол өнөөдөр 480 төгрөг болсон байна. Бид зөвхөн энэ зөрүүнээс л гэхэд 17 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх гэж байна. Нөгөөтэйгүүр ажиллах хүчний зардал, техник, тоног төхөөрөмжийн үнэ бүгд нэмэгдсэн” гэх албан бичгийг нэг бус удаа ирүүлсэн. Үүнийг бид эргэн харж үзээд, 14хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газраас үнийг эргэж харах нь зүйтэй, гэрээ хийхдээ юаний ханшийн алдагдлын асуудал дээр онцгой анхаарахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон тэмдэглэл гарсан. Мөн үүнтэй холбоотойгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Б. Дүгэржавд үүрэг өгсний дагуу өнөөдөр үргэлжлүүлэн үнийн асуудал, ажил гүйцэтгэх талаар харилцан тохиролцоно. Харин хариуд нь бид ажил гүйцэтгэх явцдаа 30-аас доошгүй хувийг монгол компаниудаар гүйцэтгүүлэх харилцан үүргийг хүлээхээр болсон. Ингэснээр ханшийн зөрүүний уналтаас бага ч атугай хамгаална гэж тооцож байгаа. Мөн аль болох богино хугацаанд хийж гүйцэтгэхийг шахаж байгаа. Хятадын тал өнөөдрийн байдлаар 22 сарын хугацаанд хийнэ гэж байгаа. Цаашдаа гэрээ нэг талдаа гараад шийдэгдчихвэл бид ажлыг нэн даруй эхлүүлж, аль болохоор богино хугацаанд хийж гүйцэтгэн гэдгийг хятадын талаас мэдэгдсэн.
-Багахангай - Хөшигийн хөндийн төмөр зам тантай хамааралтай гэж яригдаж байгаа, энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна, бүтээн байгуулалт хэр хугацаанд үргэлжлэх вэ?
-Багахангай - Хөшигийн хөндийн төмөр зам надтай хамааралтай бус ЗТЯ-тай хамааралтай. Энэ төмөр замыг гурван жилийн өмнө Монгол Улсын Засгийн газраас “Богдхаант төмөр зам” гэж нэрлэсэн бөгөөд Оросын талаас энэ төмөр замыг Улаанбаатар хотоо тойрч гарахыг татгалзан, гурван жил гаруй энэ төсөл гацсан. Тухайн үед Оросын талаас лавлаж асуухад “Дэндүү үнэтэй байна” гэдэг асуудлыг ярьж байсныг та бүгд мэдэж байгаа. Эргэн сануулахад энэ төсөл тухайн үедээ 1.5 тэрбум ам.доллараар барина гэж төсөв нь батлагдаж байсан.
Харин гурван сарын өмнө миний бие Засгийн газарт Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замыг эхлүүлье, үүнийг заавал хамтрах албагүй, салбар зам болгож тавья гэдэг саналыг оруулсан. Ингэснээр өнөөдөр байгаа олон зуун тээвэр зууч болон терминалуудыг Улаанбаатар хотоос гаргавал хотын түгжрэл тодорхой хэмжээнд буурна гэдэг үүднээс Засгийн газраас тогтоол гаргаж, энэ төслийн хэрэгжүүлэх үүрэг болгосон.
“Монголын төмөр зам” Төрийн Өмчит Хувьцаат Компани зураг төсөл буюу ТЭЗҮ-ийг боловсруулаад 102 км энэ замыг маш богино хугацаанд 230 сая ам.доллар буюу 840 гаруй тэрбум төгрөгөөр барих болсон. Гэхдээ энэ нь төсөвт ямар нэгэн дарамт байхгүй, “Монголын төмөр зам” өөрөө зээл авч, өөрийн орлогоор барихыг үүрэг болгосон шийдвэр гарсан. Энэ ажлаа бид 4-5 сарын хугацаанд хийж дуусгана. Цаашид хойд хөрштэйгээ энэ замаа холбох асуудлыг ярина.
Энэ төслийг зайлшгүй явуулах шалтгаан, шаардлага байгаа. Учир нь аюултай ачаа тээвэр, тэсэрч дэлбэрэх, шатах тослох материалыг хотоос тээвэрлэж гаргахгүй бол ялангуяа хүн ам олноор суурьшсан, нийслэлчүүд бидэнд бодит аюул нүүрлээд байгаа нь үнэн. Жишээлбэл, хоёрхон жилийн өмнө хийн түлш ачсан цистерн дэлбэрэхэд бүхэл бүтэн байр сууц шатаж, эрдэнэт хүний амь нас хохирч, олон иргэн эд хөрөнгөөрөө хохирсныг бид бүгдээрээ мэдэж байгаа. Мөн энэ өвөл гэхэд Улаанбаатар хотын толгойт өртөөнд 250-300 гаруй шатахуунтай цистернтэй вагон бүтэн гурван сарын турш түгжрэл үүсгэж, хүлээлттэй зогссон. Энэ тал дээр онцгой анхаарал тавиач гэдэг талаас нь миний бие тагнуулын ерөнхий газарт удаа дараа мэдэгдэл өгсөн. Энэ маш ноцтой асуудал. Тиймээс ийм аюултай ачаа тээврийг хотоос гарга гэдэг үүрэг даалгавар өгсний дагуу энэ төсөл эхэлсэн. Хүйтэн орохоос өмнө буюу есөн сар гэхэд энэ ажлыг дуусгана.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлд шинээр баригдах салбар төмөр замыг барьснаар нийслэл Улаанбаатар хотын түжрэлийг асуудлыг тодорхой хувиар бууруулах чухал ач холбогдолтой.
Тухайлбал, БНХАУ-ын Эрээн өртөөнөөс Улаанбаатар хот чиглэлд жилд 39,300 ширхэг чингэлэг, 19,000 ширхэг битүү вагон ачаа тээвэрлэгддэг бөгөөд Амгалан, Улаанбаатар, Толгойт өртөөн дэх шилжүүлэн ачих терминалууд дээр буудаг.
Дээрх терминалуудыг Хөшигийн хөндий тээвэр логистикийн төв рүү шилжүүлснээр Улаанбаатар хотод ирэх импортын бараа, бүтээгдэхүүн болох өссөн дүнгээр 3.5 - 20 сая тонн хүртэл ачаа тээвэрлэхээр тооцвол хоногт дунджаар 316 – 1800 орчим том оврын авто машиныг Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх боломжтой юм.
Мөн хүн ам олноор сууршсан, 1,5-2 сая хүн амтай Улаанбаатар хотод аюултай ачаа тээвэр болох тэсэрч дэлбэрэх, агаарт дэгдэх эрсдэл өндөртэй ачаа тээврийг хот руу оруулахгүй байх онцгой ач холбогдолтой.
-Төмөр зам ярьсных нэг асуулт асууя. Та МТЗ, ТТТЗ хоёрыг нэгтгэх ёстой гэж ярьдаг. Нэгтгэснээр ямар үр дүнтэй, цаана нь ямар нэг ашиг сонирхол байна уу гэдэгт тайлбар өгөөч?
-МТЗ байгуулагдсанаар манай улс өөрийн бие даасан анхны төмөр замтай болсон. Анхны өмч нь хойд Төмөртэйн 28 км зам байсан. Дараагийн өмч нь Зүүнбаян-Тавантолгойн 416 км төмөр зам юм. Мөн чамлахааргүй хэдэн зүтгүүртэй болсон. Цогтцэцийгээс Ганцмод-Гашуунсухайтын чиглэлийн 230 км төмөр зам баригдсанаар ТТТЗ гэж шинэ компани бий болсон. Нэг дор хоёр төрийн өмчийн компани зэрэгцэж үйл ажиллагаа явуулах нь үр ашиггүй байх нөхцөл үүссэн.
Өөрөөр хэлбэл, төмөр замын салбарт адил төстэй үйл ажиллагаа эрхэлж буй “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг “Монголын төмөр зам” ТӨХК-д үйл ажиллагааг нь нэгтгэснээр төрийн өмчид байгаа төмөр замын компаниудын бүтэц, орон тооны давхцал үгүй болж, ажлын бүтээмж, менежментийг нь шат дараатай сайжруулах ажлыг эхлүүлээд байгаа юм.
Энэ ажлын хүрээнд төрийн өмчит компаниудын төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, ажлын үр дүн, эдийн засгийн үр ашиг хангалтгүй байгааг тооцоо судалгааг хийсний үндсэн дээр төрийн өмчид байгаа төмөр замын компаниудыг бүтэц орон тоог нэгтгэж, ажлын бүтээмж, менежментийг нь сайжруулах ажлыг шат дараатай хийж эхлээд байна.
Тиймээс үүнийг нэгтгэх нь зүйтэй гэсэн Засгийн газрын тогтоол гарсны дагуу нэгтгэсэн байдаг. Нэгтгэх гэдэг нь нэгийг нь татан буулгаж байгаа асуудал биш, зөвхөн ТТТЗ-ын эзэмшиж байсан суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнийг ажилчдын хамт МТЗ-д шилжүүлсэн.
-300 сая тонн нүүрсийг бартерийн гэрээгээр худалдахаар болсон гэж яригдаж байгаа. Энэ талаар?
-Бид 16 жилийн хугацаатай Чайна Энержитэй гэрээ зурсан. Үүнийг л зарим хүмүүс буруу ойлгоод, сошиалаар янз бүрээр ярьж байгаа. Энэ гэрээгээр “Чайна Энержи” компанид 16 жилийн хугацаанд 247 сая тонн нүүрс нийлүүлнэ, нүүрсийг тухайн үеийн нүүрс зарагдаж буй ханшаар дээш, доош хөдөлдөг байдлаар хийсэн. Гэтэл 25 км замыг 250 сая ам.доллараар тавьж байна гэсэн худал яриа, зориудын явуулга явж байгаад харамсаж байна. Энэ гэрээг хийх гэж манай улсын Засгийн газар урд хөршийг удаа дараа гуйж очсон. Бид 20 жил гацсан төслийг хөдөлгөх гэж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өдөр, шөнөгүй ажилласан. Өнөөдөр бид урд хөршид нүүрсээ зарахгүйгээр хойд хөршөөс нефть авахгүйгээр агаарын юм ярьдаг. Мөн нүүрсийг дэлхийд байхгүй юм шиг ярьдаг. Газар дорх нүүрсийг бид өнөөдөр зарж борлуулахгүй бол хэдэн жилийн дараа Баабарын хэлдгээр үнс болно. Шударга хэлье, дэлхий нийтээрээ ногоон эдийн засаг руу шилжиж байна. Дэлхийн топ гэгддэг орнууд ногоон эдийн засаг буюу цөмийн цахилгаан станцуудаа барьж, зарим нь хуучин цахилгаан станцуудаа асааж байна. Мөн нар салхины батарейг маш их хэмжээгээр байгуулж байна. Цаашдаа нүүрсний цахилгаан станцуудад хөрөнгө оруулах гадны нэг ч компани байхгүй болсон. Өнөөдөр монголчууд төр хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан станц барьж байна.
-16 жилийн хугацаанд нүүрсээ ямар үнээр зарах вэ. Чайна Энержи компанид бусад компаниудаас илүү эрх олгосон уу. Энэ тал дээр тодорхой хариулт өгнө үү?
-Энэ гэрээний тухайд бид жил гаруй хугацаанд ярьсан. Харамсалтай нь өмнөх ажлын хэсэгт орж ажиллаж байсан хүмүүс гурван жилийн хугацаанд 53 удаа тэдэнтэй уулзаад, ямар нэгэн тохиролцоо, хөдөлгөөн хийж чадаагүй байдаг. Бид харин хоёр талд харилцан ашигтай гэрээ хийсэн. Хэн нэгэнд давуу байдал олгоогүй гэдгийг энэ ажлын хэсгийг ахалж байсан дэд даргын хувьд шууд хэлье. Чайна Энержид ямар нэгэн давуу эрх олгоогүй. Хорин жилийн хугацаанд авах нүүрсний хэмжээ нь байгаа ч үнэ нь дээшээ, доошоо хөдөлнө. Тэгэхээс 70 ам.доллароор 10,20,30 жил зарна гэсэн үг биш, ийм гэрээ ч байхгүй. Улс орны тусын тулд ийм зүйлээр явуулга хийж болохгүй, улс орны тусгаар тогтнолтой холбоотой. Бид урд хөршийг гуйж байж гэрээ хийж байгаа, үүнээс Хятад улс биднийг гуйхгүй шүү дээ.
“Чайна Энержи” компани чинь жилдээ гадаад, дотоодоос нийлээд нэг тэрбум нүүрсийг экспортолж, цахилгаан үйлдвэрлэдэг л компани. Ганц үнэ ярихаас илүүтэй, гэрээний дагуу ганц коксжсон нүүрс биш эрчим хүчний нүүрс зарах болсон нь их давуу тал гэдгийг энэ дашрамд хэлье.
-Төмөр зам дээр таныг эрх ашиг өндөртэй гэж ярьдаг. Өнгөрсөн хугацаанд сайдаар ажиллах байхдаа эрх ашгийн зөрчил үүсгэсэн зүйл байна уу. Гурван мянган вагон гээд, та нэг дүгнээд хэлвэл?
-Монгол Улсад хамгийн анхны хувийн төмөр замыг 2008 онд миний бие, хамаарал бүхий компани 230 км төмөр замыг барьсан байдаг. Энэ туршлагаа үндэслээд Монгол Улсын Засгийн газар ачаа хуваалцаач гэж хүсэлт тавьсны дагуу Ханги-Мандалын төмөр замыг концессын гэрээгээр барих харилцан гэрээ хийсэн. Энэ компани маань найман сарын дотор энэ замыг барьж дуусгасан. Вагоны тухайд 2008-2009 оны хооронд манай улсад орж ирсэн анхны 3000 шинэ вагон орж ирж байлаа. Энэ вагон маань тэвш намхантай, төмөр замын хэллэгээр хагас вагон. Зөвхөн төмрийн хүдрийн зориулалттайгаар, үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа. Ямар нэгэн нүүрс зөөгөөд юм уу бусдад түрээслээд явдаг зүйл байхгүй. Энэ бол хардлага. Гэхдээ өнөөдөр МТЗ болон УБТЗ-ын зам дээр нийтдээ гадна, дотны түрээсийн 15 мянган вагон байна. Салбар яамнаас ажлын хэсэг гарган тус вагонуудад шалгалт хийхэд маш олон жилийн настай хөгширсөн, хугацаа нь дууссан, засварын хугацаа нь болсон түрээсийн вагонууд орж ирсэн байсан. Тиймээс ийм зөрчилтэй түрээсийн вагонуудыг гаргана гэж тушаал гаргасантай холбогдуулан зарим ААН-үүд дургүйцэж байгаа. УБТЗ төмрийн хог цуглуулдаг газар биш ээ, тиймээс цаашдаа үндэсний компаниуд шинэ вагон оруулж ирвэл шууд оруулна. Харин гадны компаниуд ямар ч вагон оруулж ирсэн, зөвшөөрөхгүй гэдэг тушаал, шийдвэр гаргасан нь үнэн. Энэ хэрээрээ Монголын валют гадагшилж байгааг л зогсоосон. Нөгөө талаасаа ашиглалтаас гарсан, актлагдах дөхсөн засвар арчилгаа ихтэй, эвдрэл гэмтэл үүсэх магадлал ихтэй хуучин вагонууд орж ирэн, осол аваар гаргаж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотой дэс дараатай арга хэмжээ авч, зогсоож байгаа юм. Үүнийг та бүхэнд зориуд хэлмээр байна.
-Манай улсын хувьд улс төр тогтворгүй. Өнөөдөр ч мөн адил тийм л байна. Тэгэхээр өнөөдөр эхлүүлж буй энэ том ажил маань цааш гацахгүй явна гэсэн баталгаа байна уу?
-Дөнгөж сая Хятадын Элчин сайдтай уулзахад яг энэ асуудлыг маш эмзэг хүлээж авч байна. “Танай төр засаг солигдлоо, энэ гэрээ цааш үргэлжлэх үү” гэж асууж байна. Би хариуд нь үргэлжилнэ гэдгийг баталж, шууд хэлсэн. Монголын төр солигдсон ч төрийн залгамж чанар, өнөөдөр эхлүүлсэн энэ ажил зогсох ёсгүй гэж бодож байна. Энэ гэрээ, энэ ажил хурдан түргэн хийгдэж, ашиглалтад орвол Монгол Улсын эдийн засагт л хэрэгтэй. 70 жилийн дараа анх удаа Замын-Үүд Эрээний төмөр замын араас орж байгаа хил холбох төмөр зам хийгдэж байгаа хоёр дах ажил юм. Энэ том ажлыг зогсоовол бид бүхэн л хохирно. Төр засаг тогтворгүй байхад хоёр хөрш төдийгүй дэлхий нийтээрээ биднийг улс төрийн хувьд тогтворгүй байдалтай улс орон гэдгээр харж, эдийн засгийн хувьд нэлээн хортой үр дагаврыг авчирч байгаа гэдгийг хэлмээр байна.
-Хятадын компани богино хугацаанд яагаад үнийн саналаа өсгөчихөв, тендерийн баримт бичиг дээрээ ханшийн эрсдэлийг гүйцэтгэгч компани хариуцна гэсэн заалт байхгүй юу. Дахиад өсгөхийн биш биз дээ?
-Шулуухан хэлэхэд тендер зарлах үед, тэд манайхыг үнэтэй байна, оролцохгүй гэж хэлсэн. Энэ тендер зарлагдаад үр дүнгүй болбол хил холболтын асуудал нээлтээ ч хийхгүй, гэрээ ч байгуулагдахгүй. Тэд гэрээ байгуулагдахаас өмнө “Та нарын өгч байгаа гэрээ, танай ханшийн өсөлтөөс шалтгаалаад хэцүү байна. Та нар гэрээндээ төгрөгийн ханшдаа юаниа тооцож оруулж бодно гэвэл бид ороход бэлэн байна” гэсэн. Энэ асуудлыг миний бие удаа дараа Засгийн газрын хуралд тавьж, бид ханшийн хамгаалалт хийж өгнө гэсний үр дүнд энэ тендерийг эхлүүлсэн нь үнэн. Түүнээс гэнэт гарч ирэнгүүтээ үнээ нэмсэн зүйл байхгүй.
-Нефтийн компанийн автомашинуудыг даац хэтрүүлсэн гэдэг шалтгаанаар явуулахгүй байгаа гэсэн. Үүнд та тайлбар өгөхгүй юу?
-Нефтийн компаниуд гурван сар гаруй ЗТЯ-ны үүдэнд зогссон. Та нар ганц л юмыг ойлго. Нефтийн хэрэглээний 70-80 хувийг говийн бүсийнхэн хэрэглэдэг юм байна. Өнөөдрийн байдлаар Дундговь дамнаад Өмнөговь хүртэлх зам “там” болсон. Урагшаа Чойр, Сайншанд, Замын-Үүдийн зам ч мөн ялгаагүй маш их эвдрэлтэй байгаа. Энэ замууд нь нийтийн хэрэглээний буюу 44 тонн ачаа явах ёстой, даац нь ердөө энэ. Тэгээд ч насжилт өндөр болсон. Нийтийн хэрэглээний зам учраас “нэг голын даац дээр 11 тонн буюу 44 тонн хэмжээтэй явна гэж тооцож, замаа барьсан учраас үүндээ л тааруулж яв” гэдэг шаардлагыг тавьсан. Гэтэл нефтийн компаниуд эсрэгээрээ 70-80 тонн ачаатай явна гэж зүтгэдэг. Татвар төлөгчдийн мөнгөөр барьсан замыг даац хэтрүүлэн явж эвдчихдэг, өнөөдөр гэхэд энэ чиглэлийн замын их засварт улсын төсвөөс 151 тэрбум төгрөг төсөвлөсөн. Засвар хийгээд дуусмагц, даац хэтрүүлэн явсаар байвал бид татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэсэнтэй л адил болно шүү дээ. Түүнчлэн говьд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын түлшний асуудлыг шийдэх үүднээс нефтийн бүтээгдэхүүнийг вагоноор хүргэж өгье, вагоны суурь бүтцийн зардлыг 50 хувь хүртэл бууруулж өгье гэсэн асуудал дэвшүүлж, хоёр төмөр замд үүрэг өгсөн байгаа. Цогт-цэций суманд том агуулах савтай компаниуд бол үүнийг зөвшөөрч байгаа. Харин эсэргүүцээд байгаа, сав суулга, агуулахгүй компаниуд дээр хэлсэнчлэн энэ өвөлжин вагоноор сав суулга хийж, хотынхонд эрсдэл учруулсан. Тиймээс цаашдаа агуулах савгүй компаниудын импортлох эрхийн асуудалтай нь ярина. Тэгэхгүй бол манай улс чинь “дарин дээр суугаа торхтой адил” болоод байна.
-Чингис хаан олон улсын буудлын өргөтгөлийг Япон улсаас зээл авч хийхээр болсон. Хэдий хэмжээний зээл авч байгаа вэ?
-Нисэх буудал анх баригдахдаа 650 сая ам.доллароор баригдсан. Тухайн үедээ 300-500 мянган үйлчлүүлэгч байна гэж тооцсон. Гэтэл өнгөрсөн 2024 онд Монгол Улсад энэ буудлаар 2.2 сая зорчигч үйлчлүүлсэн. Цаашдаа энэ буудлыг өргөтгөхгүй бол маш хүнд байдалтай байгаа. Өргөтгөл хийхийн тулд Япон улсын Засгийн газраас нэн хөнгөлөлттэй, 40 жилийн хугацаатай, нэг тэрбум ам.долларын зээл авч байгаа. Энэ ажлыг хурдан эхлүүлэх үүднээс өнгөрөгч мягмар гарагт Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мсарү Игавахара болон Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга К.Мияаги, Япон Улсын “Ориентал Консалтантс Глобал” компанийн төлөөлөл К.Такахаши нарыг хүлээн авч уулзсан.
Монгол Улсын агаарын тээврийн салбарт зорчигч тээврийн урсгал эрчимтэй нэмэгдэж, “Чингис хаан” нисэх онгоцны буудал ачаалал ихтэй ажиллаж байгааг дуулгаад, нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, дэд бүтцийн өргөтгөх хүрээнд хийгдэж буй судалгааны ажлуудыг эрчимжүүлэх, бүтээн байгуулалтын барилгын ажлыг эрт эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэд бидний саналыг биелүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн ч “харамсалтай нь танай онгоцны буудлыг өргөтгөхөд газар алга” гэдэг асуудлыг хэлсэн. Үнэхээр өргөтгөл хийх газар дээр нь хоёр хувийн карго компани барилгаа барьсан байна лээ. Миний бие тэдгээр байгууллага, хувь хүмүүстэй уулзаад барилгаа шилжүүлж, нүүлгэхийг санал болгосон. Мөн газрыг нь хууль бусаар олгосон тухайн үеийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг ярьж байна.

2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.