Хууль батлагдвал Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөө сайжруулахад нэг том алхам болно

М.ДАВАА

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан  Хүний эрхийн багц хуулиудын дотор Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл багтаж буй. Тус хууль нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрх, эрх чөлөөг хамгаалан зохицуулах үүрэг бүхий өндөр хүлээлттэй. Гэвч олон жилийн турш гацаанд байж ирсэн тул энэ удаад томоохон ач холбогдол өгч, батлуулахын төлөө ажиллана гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдэж байсан.   УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд  өнгөрөгч нэгдүгээр  сарын 24-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан.

Шинэчилсэн найруулгын төсөлд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд тусгагдсан үндсэн үзэл баримтлалыг тусгахын зэрэгцээ хэд хэдэн зарчмын шинжтэй асуудлыг тусгасан талаар танилцуулсан байдаг. Тухайлбал, хуулийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нэр томьёоны тайлбарыг олон улсын хандлага, дотоодын эрх зүйн тогтолцоо, тухайн салбар шинжлэх ухаанд нийцүүлжээ.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын зорилго, төрлийг тодорхойлж, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх, олон ургалч үзлийг дэмжих зорилгоор түүний эзэмшлийн ил тод байдалтай холбоотой зохицуулалт тусгасан байсан. Түүнчлэн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах зүйл заалт оруулсан гэдгийг онцолсон. 

1998 онд батлагдсан хуулиар төр дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглочихсон гэсэн үг. Бас хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хууль, тогтоомж батлахыг хорьсон хууль нь аль 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний хууль дээр буй. Гэхдээ  төрд хэвлэлийн төлөөлөгч байх ёстой юу гэвэл тийм. Харин төрийн дэргэд бүхэл бүтэн редакц ажиллаж болохгүй.

Уг хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж болзошгүй бүлгүүдийн дунд нийт  дөрвөн  удаа хэлэлцүүлэн, санал санаачлагыг тусгасан  гэх. 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний индекст 180 орныг хамруулж, нийт таван индикатор үзүүлэлтээр дүгнэсэн байна. Монгол Улсын хувьд Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр нөхцөл байдал хүнд ангилалд багтсан бөгөөд 180 орноос 109-д эрэмбэлэгджээ. Энэ нь 2023 оны үзүүлэлтээс 21 байр ухарсан, хэвлэлийн эрх чөлөө улам бүр хумигдаж байгаа орны тоонд багтаад байгаа юм. 

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хангах, олон ургальч, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд оршино гэж тодорхойлжээ. 

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь анх 1998 онд батлагдаж, хэвлэн нийтлэх эрхийг хангахтай холбоотой үндсэн суурь харилцааг зохицуулж ирсэн бол орчин үед сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд олон төрлийн харилцааг зохицуулах хэрэгцээ шаардлага тулгарч буй. Улмаар дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, олон улсын хүний эрхийн байгууллагуудаас баримталж буй зарчим, улс орнуудын хэрэгжүүлсэн туршлага зэргийг харгалзан шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан ба нийт 6 бүлэг, 18 зүйлтэй аж.  

Тэгээд ч энэ хуулийн төслөөр Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас дөрвөн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, мэрэгжлийн сэтгүүлчдийн санаа бодлыг нэлээд тусгаж өгсөн гэдгээрээ онцлог ч байж мэдэх юм. Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байх, сэтгүүлчид эх сурвалжаа хамгаалах эрх, зориуд санаатайгаар худал мэдээлэл тараах болон мэргэжлийн алдаа гэх хоёр ойлголтыг зааглах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакцуудын ил тод байдал зэрэг зохицуулалтуудыг тус хуулийн төсөлд голчлон тусгасан” гэдгийг онцолж байсан.  

Сайдын хувьд хэвлэл мэдээллийн салбар дахь удирдах ажилтнууд, сэтгүүлчид, судлаач-төр-иргэний нийгмийн төлөөллийн нийт  гурван удаагийн хэлэлцүүлэгт нь биечлэн оролцсон.  

Хууль батлагдвал Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөө сайжруулахад нэг том алхам урагшлах хүлээлт буйг сэтгүүлчид хэлсээр байгаа. 

Тэгвэл Төрийн байгуулаптын байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний  тухай хуулийг  хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад  “төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулахыг хориглоно" гэдэг заалт бий. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

УИХ-ын гишуун Ц.Сандаг-Очир: Ташаа мэдээлэл, илт худал мэдээллийн ялгаа заагийг тодруулах шаардлагатай

Засгийн газар, УИХ, яамд хэвлэл мэдээллийн албагүй байна гэсэн үг үү. Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа мэдээлдэг байх ёстой. Үүнийг яаж зохицуулах вэ.  Мөн ташаа мэдээлэл, илт худал мэдээлэл гэдэг ойпголт байна.  Үүний ялгаа заагийг тодруулах шаардлагатай байна. 

Хууль санаачлагч Хууль зуй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Шинэчилсэн хуулийн төслөөр мөрдөгч хүн болгоныг дуудаад эндүүрсэн, ташаарсныг нь  “Чи илт худал мэдээлэл тараалаа" гэх боломжгүй болгож байгаа юм

Хэвлэл мэдээллийн байгууллага гэж редакцтай, сэтгүүл зүйн үйл  ажиллагаа эрхэлдэг сонин сэтгүүл телевиз цахим хуудас зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэг хуулийн эттээдийг хэлнэ гэж тодорхойлсон.  Тэгэхээр Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба эсвэл хэвлэлийн төлөөлөгч нар орохгүй. 

Гэхдээ бидэнд хуулийг хэлэлцэх явцдаа өөрчлөлт оруулах нэг том зүйл бий. Ч Лодойсамбуу гишүүн энэ асуудлыг нэлээд сайн дэвшүүлж байгаа. Энэ юу вэ гэхээр төрийн байгууллага төрийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр контент үйлдвзрлэгч баг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй дүйцэхүйц хэмжээний зардал гаргаж үйл ажиллагаа явуулж байна. 

Төрийн байгууллага, төрийн өмчит компаниудаас хэвлэл мэдээллийн зах ззэлд үзүүлж байгаа нөлөөллөөс үлэмж том байна.   Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн үлэмж хэмжээний мөнгө энэ зах зээлрүү яваад эргээд сөрөг үр дагавар  үүсгэж байна. Энэ асуудлыг цэгцлэх ёстой. Ч Лодойсамбуу гишүүнээс гадна хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцсон хэвлэл мэдээллийн сапбарын төлөөллууд  энэ асуудлыг хөндсөн.  Төрийн байгууллагууд сайн сэтгүүлчдийг  түүгээд  авчихдаг, студи байгуулдаг, контент хийдэг болчихсон.  Үүнийг хязгаарлая гэж байсан. Хуулийн төслийг хэвлэн нийтлэх эрх чөлөөний үндсэн мөн чанар болох бусдын нэр төр, алдар хүнд, нийгмийн ёс зүй, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахгүйгээр хэвлэн нийтлэх боломжтой байх үзэл баримтлалын хүрээнд боловсруулсан. 

Хуулийн төсөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүл зүйн үйл ажиллагаа зэрэг нэр томьёог тодорхойлж өгснөөр иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнөөс сэтгүүл зүйн үйл ажиллагаа нь ялгаатай бөгөөд үүрэг, хариуцлага өндөртэй болохыг тодорхойлох ач холбогдолтой. 

Хуулийн төсөлд 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дахь үзэл санаа, зохицуулалтыг бүрэн тусгахын зэрэгцээ, хэвлэл мэдээллийн салбарт үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор эзэмшлийн ил тод байдлыг хангах, эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын эрх зүйн үндсийг бий болгохтой холбоотой харилцааг тусгасан байна. Хуулийн төслийг боловсруулахдаа өмнө боловсруулж байсан төслүүдийн алдаа, оноог харгалзан үзэж, хэвлэл мэдээллийн салбарынхан болон олон нийтэд хуулийн төслийн үзэл баримтлалыг ойлгуулах, санал, зөвлөмжийг авах зорилгоор өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулан ажилласан. 

Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зааснаар үндэсний олон нийтийн радио, телевизийн сэтгүүлч эх сурвалжаа нууцлах эрхтэй. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчдэд эх сурвалжийн хамгаалалт байхгүй. Бид энэ удаагийн хуулийн төсөлд “эх сурвалж” гэдгийг сэтгүүлчийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийн үндэс болж байгаа баримт мэдээллийг өгч буй этгээдийг хэлнэ гэж тодорхойлоод, эх сурвалжаа нууцлах эрхийг нь бүрэн нээж өгөхөөр тусгасан. Харин хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой, бодитой хохирол учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй гэж үзвэл эх сурвалжаа илчлэх эсэхээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдөө шийдвэрлэхээр оруулсан гэлээ. Мөн хуулийн төслийг боловсруулахдаа орон нутгийн сэтгүүлчидтэй уулзан тулгардаг бэрхшээлийнх нь талаар сонсож, анхаарах асуудлыг тусгахыг зорьсон

 Хуулийн төсөлд зөвхөн Ерөнхийлөгчийн дэргэд Монгол Улсыг гадаадад сурталчилдаг ганцхан байгууллага байна гэж заасан. Энэ бол МОНЦАМЭ агентлаг Монгол Улсын гадаадад сурталчлан таниулдаг зөвхөн гадагшаа үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө  бус байгууллага. Ташаа мэдээлэл, илт худал мэдээллийн тухайд, илт худал мэдээлэл гэдэг бол бодит баримттай нийцээгүй, тухайн этгээдийг гүтгэх зорилгоор илтэд худал мэдээлснийг хэлнэ. Үүнийг хуулийн төсөлд оруулснаар мөрдөгч хүн болгоныг дуудаад эндуурсэн, ташаарсныг нь  “Чи илт худал мэдээлэл тараалаа" гэх боломжгүй болгож байгаа юм.  Энэ бол илт худал мэдээлэл биш. Сэтгүүл зүйд бид эндүүрэл, ташаарал гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой юм билээ. 

Өмнө  нь  “15 удаа гадаад томилолтоор явжээ”  гэж бичсэнийг илт худал мэдээлэл байна,  13 удаа явсан гэдэг жишээ гарч байсан шүү  дээ.

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.