ОЛОН УЛСЫН ЭГЧ ДҮҮСИЙН ӨДӨР

Энэ хорвоод мэндэлсэн хэний ч хувьд ах, эгч нар бол хамгийн ойр дотнын хүн байдаг. Насанд хүрч өрх тусгаарласан ч, ажил амьдралын эрхээр алс хол суулаа ч аль улс орны хөрөнгө чинээлгээс авхуулаад эгэл жирийн, үгээгүй ядуу ч гэлтгүй сэтгэлд хамгийн ойр хүн бол ахан дүүс, эгч ах нар л байдаг.
Ийм ч болохоор дэлхийн улс орнууд эгч дүүсийн өдөр “Siblings Day” хэмээн гэр бүлийн баярыг тэмдэглэдэг уламжлал тогтож. АНУ-д энэ өдрийг эгч дүүсийн үндэсний өдөр National Siblings Day хэмээн тэмдэглэдэг байна.
Чухам ийм өдрийг тэмдэглэдэг нь өнөөгийн улам бүр даяаршиж, ойр дотны хүмүүс, ах дүүс нэг нэгнээсээ алс хол амьдардаг, зав чөлөөгүй ажилтай болсон өнөө цагт гэр бүл төрөгсөд ойр дотнын хүмүүсийн уламжлалт харилцааг бэхжүүлэн, үргэлжүүлэх зорилготой юмсанж.

Дэлхийн аль ч үндэстэн хаана юу ч хийж, өөр зуураа хэдий хол байсан ч цусан төрлийн эгч дүүс байнгын харилцаатай байж, халуун дотноор харилцаж, нэг нэгнээ сураглаж явдаг даа.
Монголчууд гэхэд л ганц хүүхэд төрүүлэхгүй, сайн сайхан баяр ёслол, эсвэл хүнд хэцүү цагт ч нэг нэгнээ гэх ханьтай байлгана, тэгэх тэгэхдээ том нь эмэгтэй байвал сайн гэдэг нь жир нэг хэрэг огтоос биш
Тэгээд ч монголчууд төрсөн эгчийгээ ээжийн энтэй, насны хойно ээжийг орлодог эгч хэмээн хүндэлсээр ирсэн уламжлалтай.
Ийм баяр, уламжлал дэлхийн улс орон, үндэстэн бүрт байдаг юмсанж. Энэтхэгт л гэхэд Ракша-бандхан гэдэг зуны хоёрдугаар хагаст тэмдэглэдэг үндэсний баяр байдаг байна. Энэ баяраар эгч нь дүүгээ ариун уягаар өөртэйгээ холбож гай гамшиг аюулаас хамгаална гэдгээ илэрхийлдэг байна. Дүү нь харин эгчдээ бэлэг өгч насан туршдаа эгчдээ тусалж, хамгаалж байхаа илэрхийлдэг байна.
Үнэсний энэ баяр нь цусан төрлийн эгч дүүс бие биенээ ямагт дурсан, хамт байж, харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж, бие биедээ тус дэм болж, элдэв муу бүхнээс нэгнийгээ хамгаалж байхын илэрхийлэл, нөгөө талаар тэд бие биедээ ойр байхыг уриалдаг баяр гэнэ. Энэ үндэсний хэмжээний баяр нь гэр бүлийн үнэ цэнийг илэрхийлж, ямагт нэг нэгнийгээ хайрлаж, харилцан бие биедээ тусалж байхаа, сэтгэл зүрхэндээ тээж явахын бэлгэдэл юм байна.
Эгч дүүсийн гэдэг энэ өдөр дэлхийн улс орон, үндэстэн бүрт яг л Энэтхэг шиг өөр өөрийн уламжлал, түүхтэй.
АНУ-д эгч дүүсийн өдөр жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-нд тохионо. Энэ өдрийг тэмдэглэдэг болсон нь Клаудия Эвэрт гэгч эмэгтэйн түүхээс улбаатай. Тэр эмэгтэй бүр эрт өөрийн төрсөн эрэгтэй, эмэгтэй дүүгээ алдаж энэ хүнд, гашуун түүхээ сэтгэлдээ тээж явсан байна. Тэгээд тэднийхээ дурсгалыг хүндэтгэж байх өдөртэй болохоор шийдэн эмэгтэй дүүгийнхээ төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 10-ныг сонгож авсан гэнэ.
Ингээд ганц өөртөө ч энэ бүхнийг хадгалж, өөрөө л тэмдэглэх төдийгүй нийгэмд энэ өдөр ойр дотны нэгэн, дүү нараа дурсан санаж, уулзаж учран ойр дотно байж, хэн нэгэнд чинь эгч, дүү байгаа бол тэр нь бурхны өгсөн бэлэг шүү хэмээн уриалсан юм байна.
Үнэнийг хэлэхэд амьдралд янз бүрийн юм тохиолдох. Гэр бүл болж, сургууль соёлд явж, гэр бүлийн эгч дүүсийн энэ нандин холбоогоо байнга хадгалж чадахгүй байх нь бий. Харин хэн нэгний хувьд хамгийн ойрын байнга дэргэд нь байхгүй ч ураг төрлийн холбоо нь үргэлж тэднийг холбон ямар нэг хүнд хэцүү үед харилцан туслалцаж, ойр байвал жаргал зовлонгоо хуваалцаж, нэгнийгээ сонсож байдаг хүн бол цусан төрлийн эгч дүүс байдаг. Бод л доо нас ахиад ирэхэд аав ээж хэдийнээ бурхны оронд очиж, өрх гэр төрөл төрөгсдийн толгойд эгч ах л үлддэг. Чухам нэгэн эхээс цуван төрж, нэгэн гэрт адилхан орчинд өссөн тэр хүмүүс аавын оронд аав болж, ээжийн оронд ээж болон зааж зурж, зэмлэж, хамт баярлаж хөөрч байдаг нь улс үндэстэн бүрт адил.
Олон улсын эгч дүүсийн өдрийг 1998 онд тэмдэглэж хамгийн эхлээд АНУ-д түгээл болсон бол аажимдаа улс орон үндэстэн бүрт тархан, бүр уламжлал болжээ.
Энэ өдөр олон улс оронд эгч ахдаа бэлэг өгч, алс хол байгаа бол утсаар мэндчилгээ илгээн, гэр бүл ахан дүүсээрээ уулзаж учирч, халуун дулаан үг ярилцан сайхан дурсамж хөөрөлддөг байна.

Манайд бол энэ өдрийг тухайлан тэмдэглэдэггүй ч, билгийн улирлын цагаан сарын шинийн нэгэнд хаа хол байсан ч төрсөн гэрээ зорин очиж, төрөл төрөгсдөөрөө цуглан хамгийн ахмад настандаа хадаг барин тохойг нь өргөн золгож билэгтэй сайхан яриа өрнүүлэн, харилцан бэлэг сэлт болдог нь чухам л эгч дүүсийн өдөр, гэр бүлийн баяр билээ.
Ингээд бодохоор улс үндэстэн бүхэнд энэ өдрийг тэмдэглэдэг уламжлал зан үйлд олон нийтлэг зүйл байгаа ч тухайн улс үндэстний зан заншил, түүх соёл зэргээс шалтгаалан жаахан өөр өөр байдаг байна.
Харин улс үндэстэн бүрт цусан төрөл, төрсөн ах эгч нарын ураг төрлийн нандин холбоог магтан дуулсан дуу шүлэг, зохиол , кино, жүжиг байдаг нь адилхан.
Орост гэхэд л “Эгч минь”, “Цасан хатан хаан”, америкт “Аав ээжийгээ урхидсан нь”, “Эвридикийн үл үзэгдэх амьдрал”, “Үл үзэгдэх ертөнц” манайд олон ангит “Ахан дүүс” гээд урлагийн олон сайхан бүтээлийг дурдаж болно.

2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.