Ж.Эрдэнэбаяр: Монгол Улсын төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй
Иргэн Ж.Эрдэнэбаяр: Олон нийтийн анхаарлын төвд буй контент бүтээгч Speed (IShowSpeed) Монгол Улсад зочилсонтой холбогдуулан дараах мэдээллийг Та бүхэнд хүргэж байна.
IShowSpeed буюу Даррен Жейсон Уоткинс нь АНУ-д төрж өссөн, дэлхий дахинд танигдсан контент бүтээгч бөгөөд зөвхөн YouTube платформ дээр гэхэд 38.6 сая гаруй дагагчтай, 4 тэрбум гаруй үзэлттэй инфлюэнсер юм.
Speed нь дэлхийн олон орноор аялж, тухайн улс орон, соёлын талаарх сэтгэгдлээ хэнээс ч үл хамааран, шууд бөгөөд өөрийнхөөрөө илэрхийлдэг контент бүтээгч юм.

Тэрбээр БНХАУ-д аялах хугацаандаа Монгол Улсад зочлох талаараа өөрийн сувгаар мэдээлсэн бөгөөд түүнтэй холбогдож, Монгол Улсад зочлоход нь угтаж, аяллын хөтөлбөрт санал солилцон, орчуулагчийн үүрэг гүйцэтгэсэн.
Зочлох хугацаанд нь соёлын өвийг таниулах, монгол ахуй уламжлалаа сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулж, үр дүнд нь 6 цаг үргэлжилсэн шууд дамжуулалт ямар нэгэн асуудалгүй, найрсаг, эерэг уур амьсгалтай болж өндөрлөсөн.
Энэ бүх ажлыг зохион байгуулахад Монгол Улсын төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Миний хувьд Улсын Их Хурлын Тамгын газарт ажилладаг боловч энэхүү ажил нь төрийн албаны үйл ажиллагаатай ямар нэгэн байдлаар холбогдохгүй болохыг онцлон тэмдэглэе.
Шууд дамжуулалтын үеэр Монголчууд маань халуун дотноор хүлээн авч, монгол дээл, зодог шуудаг, малгай, бээлий зэрэг үндэсний онцлог бүхий бэлгийг халуун сэтгэлийн илэрхийлэл болгон өгсөн нь гадаадын үзэгчдэд гүн сэтгэгдэл үлдээсэн.
Мөн IShowSpeed-ийн багийн зүгээс Монголын залуу уран бүтээлчидтэй хамтрах хүсэлт илэрхийлж, Ангууч, Грэмикс нартай холбогдож өгөхийг хүссэн. Уг хүсэлтийг уламжлахад манай залуус талархан хүлээн авч, бичлэгт оролцсон.
Өчигдөр хүйтэн байсан хэдий ч, түүний Монголд хийсэн шууд дамжуулалт олон улсын үзэгчдээс өндөр үнэлгээ авч, энэ өглөөний байдлаар 6 сая гаруй хандалттай, Instagram хуудсандаа оруулсан reel бичлэг нь 24 сая хандалт авч, маш олон эерэг сэтгэгдэл хүлээн авсан нь бидний хамтын ажиллагаа, зочломтгой зан, өвөрмөц соёлыг харуулсан сайхан жишээ боллоо.
Дэмжиж оролцсон, хамтран ажилласан, хамгийн гол нь Speed-ийн контентын онцлогийг ойлгож өөрийнхөөрөө шууд илэрхийлэх боломжийг нь олгосон бүх хүмүүст баярлалаа.
Нэмээд хэлчихэд энэ нь Аялал жуулчлалыг татах зорилготой хийгдэж буй үйл ажиллагаа. Гадаадын нэг жуулчин Монголд дунджаар 50-10 сая төгрөгийн орлого оруулаад буцдаг гэсэн. Хэнд хэрэгтэй вэ гэхээр Монголд л хэрэгтэй шүү дээ!
Болдог бол Олон дагагчтай дэлхийн одуудыг бүгдийг нь Монголдоо авчрах хэрэгтэй. Мөнгийг нь хангалттай төлөөд авчирах хэрэгтэй. Үнэгүй юм гэж байдаггүй юм аа!
Гурван жилийн өмнө хэдэн Солонгос бүсгүйчүүд иоээд манай гутранги үзэлтнүүдэд муулуулж муулуулж явсан. Үр дүнд нь харин Солонгосчууд зуун зуун мянгаараа Монголд ирж зуу зуун тэрбумын орлого оруулаад явсан.
Олон дагагчтай хүмүүсээр сурталчлуулах нь сайн реклам мөн. Сайн рекламанд саяыг өгөөд тэрбумыг ол гэдэг биз дээ. Тэгвэл олон дагагчтай дэлхийн одуудад тэрбум тэрбумыг нь өгөөд Их наяд, Их наядаар нь олцгооё л доо бүгдээрээ. Харамч хүн хамгийн үрэлгэн гэдэг юм шүү хөгийн юм ярихаа одоо больцгооёо. Жалганаасаа ядаж давж сэтгэ л дээ зарим хүмүүс ээ! Аялал жуулчлалаар мөнгө олдог Улс болох боломж Монголчууд бидэнд байгаа шүү! Засаг төр ч бас сүүлийн жилүүдэд сурталчилгааг сайн хийж байгаа, үр дүнд нь гадаадын жуулчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа шүү!

2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.